О.Гүндэгмаа: Тэр үед л эх орноороо бахархаж байсан гэж ярих нь                            миний хувьд цөөднө

 

       Өглөөний 8 цаг 30 минут, Батлах хамгаалахын их сургууль дээр байрлах  “Аварга” спорт хороог зорилоо. “Тамирчин хүнтэй анх удаа ярилцах гэж байдаг. Бүр хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин хүнтэй” гэж бодохоос сүрдэж байлаа. Харин түүнтэй ярилцаж дууссаны дараа “Ийм энгийн, хүүхдийнх шиг гэгээн бодол, сэтгэлтэй хөдөлмөрийн баатар байх гэж” хэмээн бодон хэсэгтээ л түүний ярьсан чин сэтгэлийн яриа сэтгэл дотроос салаагүй.

 

      Эрхэм уншигч та түүнтэй ярилцсан доорхи яриаг уншаад нэг үз л дээ. Бидний уулзах мөчид тэрээр ирэх есдүгээр сард болох буудлага спортын Дэлхийн аваргын тэмцээнийхээ бэлтгэлийг хийж байлаа. Улсынхаа төрийн далбааг харийн тэнгэрт мандуулан, төрийн дууллаа дэлхийн дэвжээнд эгшиглүүлж Монгол эх орны, монгол хүний нэрийг ялалтын тавцнаа дуурсгаж чадсан түүнд “амжилт хүсье” гэдэг үг одоо балчирдана. Учир нь аварга хүн, аварга л байдаг. Баатар хүн баатар л байдаг.

 

        Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн мөнгөн медальт тамирчин О.Гүндэгмаатай ярилцлаа.

 

   -   Есдүгээр сард эхлэх Дэлхийн аваргын тэмцээндээ бэлдэж буй энэ мөчид тантай уулзаж байгаадаа баяртай байна. Тамирчин хүний хувьд томоохон тэмцээний өмнөх бэлтгэлийн өдрүүд гэдэг ихэд эмзэг бөгөөд дурсгалтай өдрүүд байдаг байх. Та бэлтгэлийнхээ тухай яриач, энэ өдрүүдэд таны сэтгэлзүй, сэтгэл санаа ямар байдаг вэ?

 

   -   Буудлага спортоор хичээллээд 20 гаруй жил болж байна. Энэ хугацаанд таван олимпод оролцлоо. Дэлхийн аваргын тэмцээний хувьд 1998, 2002, 2006, 2010 онуудад оролцсон. Энэ удаа тав дахь Дэлхийн аваргын тэмцээндээ оролцох гэж байна. Спортынхоо онцлогоос шалтгаалаад амьдралын маань хэмнэл яг л дөрөв, дөрвөн жилд ач холбогдол өгдөг болчихож. Дэлхийн аваргын тэмцээн, Азийн аварга шалгаруулах тэмцээн ч ялгаагүй дөрвөн жилд нэг удаа болдог. Энэ хооронд байнгын бэлтгэл сургуулилттай байдаг. Опимпийн дараа л жаахан амрах зав гардаг ч бусад үед байнга л бэлтгэлээ хийнэ. Сүүлийн үед дүрэмд жаахан өөрчлөлт гарсан. Өмнө нь олимпийн жил дуусмагц олимпийн эрх олгодог байсан бол энэ удаад тамирчдыг улам чанаржуулахын тулд олимпийн өмнөх жил нь өгдөг болсон. Тиймээс Азийн тамирчид зургаан тэмцээний эрх авах боломжтой болсон. Бэлтгэл сургуулилтын  хувьд хувь хүн талаасаа өөрийгөө бэлтгэлд бэлэн байлгах, өвдөхгүй байх зэрэг нь бэлтгэлийн зайлшгүй хүчин зүйлүүд юм. Мөн аюулгүй байдал талаасаа идэж, уух хоол хүнсээ цэгнэж бараг л алхаж гишгэхээ хүртэл анхаарч байх хэрэгтэй байдаг. Цаг мөч бүрт л өөрийгөө хянаж, хязгаарлаж  байх хэрэгтэй. Бэлтгэлийн бус цагаар ч маш сайн амарч дараагийн бэлтгэлд өөрийгөө бэлдэх хэрэгтэй байдаг. Ийм л байдлаар бэлтгэл үргэжилдэг дээ.

   -   Та 20 гаруй жил буудлагын спортоор хичээллэсэн туршлагатай тамирчин. Тэмцээний өдөр ойртоод ирэхээр догдлол танд одоо ч мэдрэгддэг болов уу?

    -   Урьд нь энэ спортоор дөнгөж хичээллэж эхлээд тэмцээн уралдаанд явах болоход баярлаж, догдлох үе олон байсан. Тэмцээндээ очмогцоо буудаад юу болоод өнгөрснийг ч мэддэггүй байлаа. Анхны тэмцээнүүддээ ийм л байдалтай байсан. Харин арваад жил нэлээд хугацаа өнгөрөхөд тэмцээнд хандах хандлага маань өөрчлөгдсөн. Тэмцээнд орохдоо өөрийгөө шахаж шаарддаг болсон. Харин одоо бол айхтар их догдлол байхгүй. Бэлтгэлээ хийж байгаад л тэмцээндээ очоод, бас л нэг бэлтгэл мэтээр хүлээн авсан. Догдлол сандрал минь арилж тайвширсан гэх юм уу даа.

   -  Дөнгөж сая таны бэлтгэлээ хийхийг хараад сууж байхад дасгалжуулагч багш тамирчдад хандан “буудах хугацаа богино, бодох хугацаа бол харин их бий шүү дээ” гэж хэлж байхыг сонслоо. Энэ нь буудлагын спорт бол сэтгэлзүйн спорт болохыг батласан үг байлаа. Магадгүй та байг хэрхэн яаж буудахаа бодон нойргүй хонож байсан тохиолдол байв уу?

   -  Манай спортын төрлийн хувьд жин хасаад эсвэл олон хоног, өдрөөр тэмцээнд ороод байдаггүй. Би гэхэд хоёр дасгал бууддаг. Заримдаа спорт гар бууны тэмцээн хоёр өдөр хуваагдаж бууддаг. Өнөөдөр өөрийн чинь харсан бол спорт гар бууны төрөл юм. Өнөөдрийн хийсэн бэлтгэл  бол тогтоол 30 сум. Хурдны 30 сум гэхээр бай нь арай жаахан том байдаг юм. Эдгээр дасгалаа хоёр хувааж хоёр өдөр бууддаг. Хийн бууг нэг өдөр буудна. Ингээд 2-3 өдөр л тэмцээндээ оролцдог гэсэн үг. Нэг бүтэн өдөржингөө буудаад үдээс хойш нь финалдаа ороод тэмцээний үргэлжлэх хугацаа нэг өдөртөө л дуусчихдаг. Өөр спортын төрлийнхөн бол жингээ хасаад л маргааш, нөгөөдөр гэхчилэн олон өдөр үргэлжилдэг шүү дээ. Жишээлбэл, нөхрийгөө харж байхад жин хасаад заримдаа бүр нойргүй хонож байгаа тохиолдол байдаг. Харин манай спортын төрөлд ийм зүйл байдаггүй. Ялангуяа буудлагынхны хувьд илүү сайн амарч байх хэрэгтэй болдог. Миний хувьд чөлөөт зав гарвал аль болох тайван унтаж өөрийгөө амраахыг боддог. Буудлагынхны ярьдгаар дээхнэ үед эрэгтэй урт бууны 120 сум бууддаг төрөл гэхэд тухайн үедээ 5-6 цаг бууддаг байсан гэдэг. Нэг тамирчныг гадаадынхан ороход нь жинг нь үзээд тэмцээн дуусаад гараад ирэхэд нь дахин жинг нь үзэхэд тэрхүү тамирчин 5-6 килограмм жин хаясан байдаг гэж ярьдаг. Энэ нь буудлагын спортод нэн түрүүнд тархи толгой маш ихээр ажиллана. Мөн 5-6 цагийн турш буудаж байгаа хүний бодол асар их ачаалал өгдөг хэрэг. Түүнээс шөнө нойргүй  хонохдоо биш юм толгой их ажиллах үед жин хаядаг хэрэг. Би ингэж л ойлгодог. Тиймээс манай спортын хувьд амрах нь илүү чухал. Олон тэмцээнд оролцоод явахад нойргүй хонох юм бол маргааш нь тааруухан бууддаг талтай. Сайхан амарсны маргааш бэлтгэл ч тэр, тэмцээн ч тэр сайн байдаг.

   -   Буудлагын спорт бол асар өндөр сэтгэлзүйн спорт байх тийм үү?

   -   Тэгэлгүй яахав. Сэтгэлзүй давамгайлсан спорт.

   -  Таныг буудлага спортоор хичээллээд гурван жилийн дараа гэхэд дэлхийн томоохон тэмцээнд оролцсон богино хугацаанд амжилтаа ахиулсан тамирчин гэж ярьдаг.

-Би буудлага спортоор 1993 оноос эхлэн хичээллэсэн. Хичээлсэн цагаасаа эхлэн зургаан сарын дараа гэхэд Хятад, Монголын тамирчдын хамтарсан тэмцээнд оролцоод спортын мастерын болзлыг хангаж байсан. Дараа нь жил гаруй хугацааны дараа Бээжин хот руу Дэлхийн цомын тэмцээнд оролцож байсан. Дараагийн тэмцээн нь Индонези улсад болсон Азийн аваргын тэмцээн байсан. Энэ тэмцээнд хийн буугаар 6-р байрт орж Олон улсын хэмжээний мастерын болзол биелүүлж, багаараа мөнгөн медаль хүртэж байсан.

 

-Таны намтраас уншиж байхад багадаа аавыгаа дагаж буудлага спортын тамирчдыг харж байсан гэдэг. Богино хугацаанд тэмцээнээс тэмцээний хооронд тамирчин хүн хувийн амжилтаа ахиулна гэдэг угаас тухайн спортдоо авьяастай болох нь мэдрэгдэж, мэдэгдэж байгаа хэрэг байх. Та үүнтэй санал нийлэх үү?

 

-Ээж, аав хоёр маань хоёулаа спортын хүмүүс байсан. Би багаасаа л янз бүрийн спортоор хичээллэхэд ээж, аав маань дэмждэг байлаа. Эцэг, эх маань мөн хоёулаа цэргийн хүмүүс. Аав маань штабын дарга, цэргийн ангийн ахлах тушаалын офицер хүн байсан. Марш тактикийн тэмцээнд гарахаар аав маань тэр үед намайг буудлагын бэлтгэлийн үеэр нь буудуулдаг байлаа. Жаахан том болоод ирмэгц гэрт бай зурж тавиад намайг хийн буугаар буудуулдаг байсан. Би буудлагаар 15 настайгаасаа эхлэн хичээллэж байсан. Сүүлд аав маань одоогоор Техник спортын төвд шүхрийн спортын клубын захирлаар ажилласан. Тухайн үед аав маань надад “Эмэгтэй хүнд буудлага спорт гоё юм байна. Миний охин буудлага спортоор хичээллэ” гэж хэлээд албан ёсоор намайг буудлага спортод оруулж өгч байсан. Тухайн үед 1992 онд Барселоны олимпод Б.Мөнхбаяр эгч маань медаль авч ирэх үед тэрээр аавтай маань хамт Техник спортын төвд нэгэн харъяалалд багтдаг байлаа. Түүнийг онгоцны буудал дээрээс тосч авч, бичлэг энэ тэр хийх үед аавд маань тэр бүгд сайхан санагдсан болов уу. Яг л түүний дараа аав маань намайг энэ спортод оруулж байлаа.

 

-Гэртээ хүртэл бай зураад охиноо буудуулж үзэж байсныг бодоход аав тань таныг энэ спортод эртнээс бэлтгээд л байсан бололтой.

 

-/Инээв/ Үгүй яахав сонирхлын журмаар л буудуулж байсан байх. Түүнээс биш бэлдэх нь ч бас хаашаа юм бэ.

 

-Гэхдээ танд тухайн үед сонирхол төрж байв уу, буудлага спортод хорхойссон үе тань хэзээ байсан бэ?

 

-Хорхойссон үе гэж бараг байхгүй дээ. Жаахан байхад аав маань маш их урамшуулдаг байсан. “За, сайн буудах юм бол аав нь чихэр өгнө шүү” гэж хэлээд л буудуулдаг байлаа.Тухайн үед марш тактикийн тэмцээнд гарсан офицеруудад витамин тараадаг байсан юм. Би эмчтэй нь хамт тэр витаминыг тараана. Тэр витаминаас нь идмээр санагдана. Аав минь намайг сайн буудахад “За, миний охин витамин ид” гээд л өгнө шүү дээ. Заримдаа орой гэртээ ирээд аав маань “шагайлгаа хий” гээд л шахаж шаарддаг үе байсан. Хэрвээ дургүй байсан бол аав маань намайг тэгж шахаж шаардахгүй байсан. Тийм болохоор би буудлагад бас тийм ч дургүй байгаагүй байх. Дараа нь энэ спортод ороод удалгүй анхан шатаар хичээллэж байгаа хүүхдүүдийн дунд тэмцээн болоход зэрэг биелүүлж, сар болгон зэргээ биелүүлж зургаан сарын дараа спортын мастер болоход хүн бүр сайн байна гэж магтаж байсан. Хамгийн бага хугацаанд хичээллээд спортын мастерын болзол биелүүллээ гэж тухайн үед олон хүн сайшааж байсан л даа.

 

-Эцэг, эхийн зөн совин гэж байдаг гэдэг. Буудлагын спортод гаргасан өнөөдрийн амжилтын тавцангаас эргээд харахад “миний охин сайн буудах юм бол витамин өгнө шүү” гэж аавын тань хэлж байсан тэр үе таны амьдралын сайхан дурсамжийн нэг байдаг байх тийм үү?

 

-Тэгэлгүй яахав. Аав маань дасгалжуулагч хүн байсан учраас намайг тамирчин талаас нь харсан ч байж болох юм. Сүүлд ээжтэй маань хамт ажиллаж байсан хүмүүс “Танай ээж чинь бас ёстой сайн бууддаг байсан” гэж ярьдаг юм. Шүхрийн гурван төрөлд шүхрээр бууна. Гранат шиднэ. Ээж маань энэ бүгдэд ихэд сайн. Одоо ч Монголын хамгийн олон шүхрээр буултын рекордтой хүн. Ингээд бодохоор ээж, аавын маань спортын зан чанар надад нөлөөлсөн байх л даа.

 

 

 

-“Би хаана ч явсан, ямар ч үед Отрядийн Гүндэгмаа гэдгээ боддог” гэж та нэгэн сэтгүүлчийн асуултад хариулж байсан санагдана. Олон тэмцээний шийдвэрлэх мөчид басхүү төр засгийн хүндтэй шагналыг хүртэн зогсох мөчид та хамгийн түрүүнд юу боддог вэ?

 

-Тэр сэтгүүлч надаас “Та олонд танигдсан хүн. Гадуур явахад таныг олон хүн хардаг уу” гэх утгатай асуулт тавьсан. Тэр асуултад би хариулахдаа, яахав миний спортод гаргасан амжилтыг маань төр засгаас үнэлсэн. 2008 оны олимпоос мөнгөн медаль хүртсэн. Миний хувьд бахарсан зүйл гэвэл мөнгөн медаль авсан маань жаахан харамсалтай байсан боловч авсан оноо маань олимпийн рекордыг давсан. Энэ утгаараа сайхан байсан. Монголд олон спортын төрөлд тамирчид амжилт гаргаж тэр хэрээрээ хөгжиж байна. Гэвч хэмжигдэхүүнтэй спортын нэг онцлог нь дэлхийн рекорд дээр монгол хүний нэр бичигдсэн явдал хамгийн сайхан байсан. Хүмүүс намайг амжилтаар маань таньдаг ч би хаана ч явсан Отрядын Гүндэгмаа гэдэг хувь хүн, эмэгтэй хүн гэдэг утгаараа хүмүүст ханддаг. Тэмцээн уралдаанд оролцох мөчид Монголын төрийн далбаа мандахыг харж, төрийн дуулал эгшиглэхийг сонсох мөч хамгийн сайхан.

 

Яг одоогийн нөхцөлд төрөөд удалгүй тэмцээнийхээ бэлтгэлд ороход ээж минь миний гэр бүлд ямар ч санаа зовох зүйлгүйгээр үр хүүхдүүдийг минь өсгөн, анхаарч байна. Заримдаа зүгээр л бодоход хэрвээ ээж минь байхгүй байсан бол би ингээд явж чадахгүй. Гэртээ үр хүүхдээ хараад л сууж байх байсан. Тиймээс ээждээ би тэр бүр баярлаж, талархаж явдгаа илэрхийлж чаддаггүй. Сая гэхэд л гуравдугаар сараас бэлтгэлдээ ороод өглөө гараад л орой ирэхэд ээж маань өглөө явахад хоол хийчихсэн байдаг. Өдөр ирээд цайгаа уухад ээж мөн л хоол хийчихээд хүлээж байна. Бэлтгэлийн байрнаас гэртээ очиход ээж минь “Хүүхдүүд чинь шөнө сэрээд чамайг амраахгүй байж магад. Гэртээ хариад амар” гэх зэргээр бүх л тал дээр намайг дэмждэг. Тиймээс хамгийн түрүүнд ээж минь байгаагүй бол би ингээд зогсож байхгүй гэж бодогддог. Тиймээс өнөөдрийн гаргасан амжилт бол надад тусалж дэмждэг хүмүүсийн хүч хөдөлмөр юм. Зах зээлийн үед 1993-1998 онуудад бүх л спорт клубын системд ороод улсаас буу, сум тэмцээний зардал зэргийг өгөхөө байсан үе байлаа. Тэр үед тэмцээнд явах гээд бэлтгэл хийх гэхээр сум нь олдохгүй. Сумаа өөрсдөө худалдаж авна. Дараа нь бэлтгэл хийгээд тэмцээндээ явах болоход тэмцээний зардал олдохгүй. Зардлаа хайгаад хүмүүстэй уулзахад зарим нь “Чи ямар амжилт гаргасан юм бэ” гэж асууна. Ер нь бэрхшээл зөндөө л байсан. Тэр үеийг бодвол одоо миний хувьд санаа зовох зүйл харьцангуй бага болсон байна.

 

-Бага байхдаа таныг ааваасаа салдаггүй, “аавын охин” байсан гэж сонссон юм байна. Их эрх танхи бас жаахан эршүүд охин байж дээ гэж бодсон. Миний таамаглал үнэн болов уу?

 

-/Инээв/ Үнэн, үнэн. Ааваасаа салдаггүй охин байсан. Учир нь ээжийн маань ажил их хол. Бүр Налайх руу Байлдааны нисэхийн ангид ээж минь ажилладаг байлаа. Тэгээд л өглөө 05 цагт ээж ажилдаа яваад орой биднийг унтсан байхад гэртээ ирнэ. Тиймээс ихэнх цагийг аавтайгаа хамт өнгөрөөнө. Ер нь л би “аавын охин” л байсан./Инээв/

 

Нэлээд том болтлоо би аавыгаа үргэлж л дагаж явдаг байсан. Аавын маань найзууд намайг “бага Отряд” гэж шоолдог байсан. Хаана ч явсан би аавтайгаа л хамт байдаг байсан.

 

-Аав, ээждээ зэмлүүлэх үе хэр олон байв?

 

-Нэг их айхтар зэмлүүлээгүй. Би дүүгээсээ 14 насны зөрүүтэй. Эгч бид хоёр долоон насны зөрүүтэй. Эгч тусдаа гараад явмагц бараг л айлын ганц шахуу хүүхэд байж байгаад нэлээн сүүлд дүүтэй болсон. Зун болмогц аав, ээжтэйгээ хамт бэлтгэлд гараад явчихна. Өвөл нь хичээлдээ яваад л байж байдаг. Их гэр амьтай, багаасаа биеэ даасан охин байсан болохоор аав, ээждээ зэмлүүлэх тохиолдол бараг л гардаггүй байсан.

 

-Тиймээс л та их эрх охин байсан уу?

 

-/Инээв/ Ер  нь нэлээн эрх байсан шүү. Намайг бүр ахлах ангид ороход хэлээ хазаж ярьдаг гэдэг байсан. Бодвол их эрх байсан юм байлгүй.

 

-Зайлшгүй байлдах хэрэг гарах юм бол мэдээж хэрэг буугаа үүрээд л алхаад марш гээд л явна шүү дээ-

 

-Энэ асуулт зүгээр хөгжилтэй асуулт юм шүү. Та бол Монгол Улсын хөдөлмөрийн баатар хүн. Магадгүй улс эх оронд маань дайн болбол хамгийн мэргэн бууч нь та байх болов уу. “Эх орныхоо төлөө дайнд мэргэн буучдыг ахлаад Гүндэгмаа гараад марш” гэвэл та дайснуудын эсрэг буугаа бариад гарахад бэлэн үү?

 

-/Инээв/ Би өөрөө Зэвсэгт хүчний харъяалалтай тамирчин. 310-р ангид хошууч цолтой. Хааяа тэмцээн уралдааны завсраар марш тактикийн тэмцээнд буудлагын төрлөөр орж байсан. 2012 онд бүх буудлагын төрөлд нь орж үзсэн. Мэргэн буудагчийн төрөлд нь хүртэл буудаж үзэж байсан. Ер нь байлдааны буу, спортын буу хоёр адилгүй байдаг. Спортын буу бол илүү нарийн тохиргоотой байдаг. Байлдааны буу бол гохны жин ч өөр байдаг. Байлдааны буугаар 100 метрийн байнд буудахад гурван сумаа гурвууланг нь байнд нь оносон мөртлөө хүн дүрстэй байных нь толгой биенд нь онолгүй  хоёр талд нь оносон. Бас л тодорхой хэмжээний дадлага сургуулилт хэрэгтэй юм билээ. Байлдааны буу бас их хүчтэй тийрэлттэй байдаг. Зайлшгүй байлдах шаардлага гарах юм бол мэдээж хэрэг буугаа үүрээд л алхаад марш гээд л явна шүү дээ./Инээв/

 

 

 

-Нэг биш удаагийн олимп, Дэлхийн аваргын 4-5 удаагийн тэмцээнд оролцож амжилт гаргасан таны хувьд дэлхийн тамирчидтай л эн зэрэгцүүлэн харьцуулах байх. Та ер нь өрсөлдөгчөө хэр холоос эсвэл хэр ойроос харж байна вэ?

 

-Өө, энийг ёстой танихгүй юм байна. Өнөөдөр л энэ тамирчныг анх удаа харж байна гэх зэргээр өрсөлдөгчийг ерөөсөө дутуу үнэлж болохгүй. Мэдээж хэрэг тэмцээн уралдаанд тамирчин бүхэн л медаль авч, ялалт байгуулна гэж очдог. Тиймээс би хэн нэгнийг жаахан муу, тааруу гэж хэзээ ч тэгж боддоггүй. Бүгд л өрсөлдөгч шүү дээ. Өнөөдөр хамт бэлтгэл хийгээд зогсож байгаа хүмүүс маань ч өрсөлдөгч. Миний хажууд хүртэл өрсөлдөгч байна. Гэхдээ би өрсөлдөгч нараасаа сайн тал, давуу тал нь юу байна вэ гэж хардаг. Өрсөлдөгчдөөсөө хэрэгтэй зүйлийг нь авч өөртөө хэрэгжүүлж хүртэл үзэж байсан. Харин өнөөдрийн хувьд бүх техникүүд маань миний гарт орсон тул миний гэсэн техник өөрт маань тогтчихсон. Засаж өөрчлөнө гэхэд нэлээд хэцүү. Тиймээс бусад хүмүүсийг одоо бол ерөнхийд нь харахаас биш өрсөлдөгчдийг муугаар, дутуу үнэлж болохгүй.

 

-Олимпийн рекордыг эвдсэн  хүний хувьд буудлагын төрөлд дэлхийн шилдэг тамирчдын чансааг хэрхэн ямар өрсөлдөгчид болохыг нь мэдсэн баримжаа танд байдаг байх тийм үү?

 

-Дэлхийн рекорд 594 байдаг. Энэ рекорд одоогоор эвдэгдээгүй. Олимпийн рекорд 590 байж байгаад 2012 оны олимпод 591 болж Солонгосын тамирчин шинэчилсэн. Ерөнхийдөө улс орон бүрээсээ шалтгаалаад тамирчдын бэлтгэх хийх арга барил нь харилцан адилгүй байдаг. Монголын, Хятадын, Солонгосын гээд арга барил нь адилгүй. Бахархаад ярихад миний амжилт дасгалжуулагчтай зайлшгүй холбоотой. 2004 онд Дэлхийн цомд медаль авсан шигшээ найман тамирчин оролцсон. Феналийн Дэлхийн цомын тэмцээн гэж болдог юм. Энэхүү тэмцээнд би хурдан буудлагын төрөлд 300 онохоос 300 онож байсан. Тэнд байсан тамирчид бүгд л баяр хүргэж, Оросын дасгалжуулагч манай дасгалжуулагчид хандан “Хятад тамирчин ингэж онолоо гэхэд бид Хятадууд юм чинь гэж бодох байлаа. Харин монгол хүн ингэж онож байгааг харахад үнэхээр гайхамшигтай байлаа” гэж хэлж байсан. Тэр үед Монголын дасгалжуулагчийн арга техникийг олон хүмүүс харж байсан. Үүнээс хойш ч Монголын тамирчид амжилт гаргасааар л байна. Тогтоол буудлагад манай тамирчид дээгүүр үзүүлттэй байдаггүй хэрнээ хурдан буудлагад дандаа дээгүүрт ороод ирдэг. Энэ нь мэдээж дасгалжуулалттай салшгүй холбоотой.

 

-Спортын олон төрлийн тамирчдын ихэнхийг нь гадаад байдлаас нь хараад андашгүй танигддаг. Монгол бөхчүүд гэхэд хулгар чихтэй байхад сүмогийн спортод үсээр нь биеийн жингээр нь хараад л сүмочин байна гэж танина. Буудлагын тамирчдыг гаднаас нь хараад танихад тун амаргүй байх?

 

-Танигдахгүй шүү. Айхтар танигдах шинж тэмдэг байхгүй. Бие гэмтэх шалтгаан бидэнд байхгүй болохоор мэдэгдэхгүй.

 

-Гэхдээ хувь хүний төлөвшилд буудлага спортоос нөлөөлсөн онцлог зан чанар байдаг байх тийм үү?

 

-Миний бодлоор сэтгэлийн хөдөлгөөнийг барьж, тэвчиж сурдаг байж болох юм. Заримдаа хүмүүс надаас “Та их дуугүй хүн үү, баярласнаа илэрхийлдэггүй, инээдэггүй хүн байхаа” гэж асуудаг л юм. Тэмцээний үед тэгэхээс ч өөр аргагүй байдаг. Бүтэн 1-2 цагийн турш 50-60 сум буудна. Тэгэхэд би 10 оночихоод “yes 10” гэж хэлээд баярлаад зогсч болохгүй. Буудаад дууссаны дараа л өндөр оносон тохиолдолд инээгээд гарч ирнэ. Магадгүй өөр спорт теннис зэрэгт нэг оноо авчихаад ширээгээ тойрч гүйж болдог байх. Харин буудлага спортод тэмцээн эхлээд дуусан дуустал нэг л янзаараа сэтгэлийн хөдөлгөөнөө барьж байх ёстой байдаг. Тэмцээн дууссаны дараа хувь хүн инээж хөөрч зан чанараа илэрхийлж болно. Иймэрхүү л байдаг.

 

-Хэсэг хугацаанд спортоосоо хөндийрөхөд тэмцээн уралдаанаа санан, байж ядан, давчиддаг байлаа-

 

-Бөхчүүд барилдахгүй удахаар дэвжээгээ саналаа гэж ярьдаг. Харин таны хувьд буудахгүй удахаар хамгийн түрүүнд юуг ихээр санаж үгүйлдэг вэ?

 

-Би энэ спортоор хичээллэсэн 20 гаруй жилийн хугацаанд хоёр удаа завсарласан. Нэг удаад нь хүүгээ төрүүлээд завсарласан. Харин охиноо төрүүлээд нэг их удалгүй эргээд бэлтгэлдээ орсон болохоор холдохын зовлонг нэг их анзаараагүй. Саяхан бас жил гаруй завсарласан. Хүүгээ төрүүлснийхээ дараа хэсэг хугацаанд буудмаар санагдаад нөхрийгөө тэмцээн уралдаанд явлаа гэхэд нь уур хүрээд л “Би жирэмсэн болоогүй бол ингээд л тэмцээнд явж байхгүй юу” гэж бодогдоод байж ядаж, давчдаж байлаа. Нөхөртөө тэрхүү уураа гаргаж “Чи ганцаараа тэмцээн уралдаанд явлаа” гэж гомдоллоно. Харин төрснийхөө дараа догдлон, яарсаар бэлтгэлдээ орсон. Бэлтгэлдээ ормогц өмнө нь яаж бэлтгэл хийдэг байсан яг л тэр хэмнэлдээ орсон. Найз нөхөд ойр дотныхон маань “Чи нялх биен дээрээ ингэж бэлтгэл хийгээд ядрана шүү дээ” гэж хэлэхэд нь “Үгүй, би тийм биш. Би тамирчин хүн. Би ингэж л бэлтгэл хийх ёстой” гээд л хийж эхэлсэн. Эхэндээ  гайгүй байснаа сүүлдээ ядарч, турж эхэлсэн. Өөрөө үүнийгээ мэдэхгүй байлаа. Арваад хоног гүйлгэж, эм уугаад ч зүгээр болохгүй байлаа. Нялх биен дээр ядарсан хүн эргээд сэргэхдээ хэцүү байдаг юм билээ. Бэлтгэл дээр ч, тэмцээнд ч нэг л сайн онож өгөхгүй байсан нь өөрийгөө хэтэрхий их шахсанаас болсон байсан. Харин энэ удаад туршлагатайгаар их сайн амарч, өөрийгөө нэлээд чагнаж бэлтгэл хийх ёстой юм байна гэдгээ мэдсэн. Амралт тамирчин хүнд хамгийн их хэрэгтэй гэдгийг өөртөө зарчим болгосон. Тиймээс энэ удаад формдоо хурдан орсон.

 

-Таны бэлтгэлийг сая хараад сууж байлаа. Тэгэхэд дасгалжуулагч тамирчдад “гал нээ” хэмээн команд өгөхөд мэдэхгүй бидэнд сэртхийм сонсогдсон. Нэлээд чанга, хатуу спорт ч юм шиг. Харин таны хувьд буугаа бариад байг онилоод бэлтгэл, тэмцээний үед зогсч байхад “Би яг л үүнийг хүссэн шүү дээ” гэж бодогдмоор хамгийн сайхан мөч хэзээ байдаг вэ?

 

-Санхүүгийн асуудлаасаа шалтгаалаад бид галтай сумаар их бага бууддаг юм. Манай спортын төрлийн хувьд бүх л хэрэглэл, тоног төхөөрөмжөө гадаадаас худалдан авдаг. Зардал ихтэй ч спорт гэдэг. Буудахаар дарийн үнэр нь хүртэл сайхан санагддаг.

 

-Хөөх, маш сонин юм. Зураач хүн будагны үнэртээ дурладаг шиг буудлагын спортын хүн дарийн үнэрт дурладаг гэдгийг анх удаа таниас сонсч байна шүү.

 

-Тийм шүү. Дарь үнэртэхээр нэг их гоё санагдаад сэргээд л ирдэг юм./Инээв/ Миний амжилтын тухайд ч галтай сумаар буудаж илүү их амжилт гаргадаг юм.

 

 

 

-Тийм үү?

 

-Тийм шүү. Хийн буугаар медаль авч байсан ч гэсэн илүү их амжилт галтай сумаар буудахад л гарч ирдэг. Гэхдээ галтай сумаар буудсан өдөр их ядардаг. Учир нь галтай сум их чимээтэй байдгаас гадна тийрэлт хүчтэй байдаг. Хийн сум бол чимээ, тийрэлт бага байдаг.

 

-Энэ их энгийн асуулт ч гэлээ танаас асууна гэхээс сонирхолтой санагдаж байна. Өнөөдрийн хувьд буудлага спорт таны нэг хэсэг. Та ч мөн энэ спортын салшгүй нэг хэсэг болсон байна. Гэхдээ та хэзээ нэг өдөр хэрвээ би энэ спортын тамирчин болоогүй байсан бол ямаршуухан Гүндэгмаа байх байсан бол гэж бодож байсан удаа байв уу?

 

-Одоо энэ талаар төсөөлөхөд их хэцүү. Нэг л төсөөлөгдөж өгдөггүй юм. Бүр анх буудлагаар хичээллээд 3-4 жил болж байсан үед асуусан бол нэг зүйл хэлэх л байсан байх. Харин одоо бол ерөөсөө санаанд багтдаггүй. Хааяа чөлөөт зав гарвал хоббигоороо янз бүрийн л зүйл хийдэг. Найз нөхөд, эгчийнхээ хумсыг янзалж өгөх маникюр маягийн юм хийх дуртай байсан. Энэ хоббигоороо хумсны будаг, янз бүрийн зүйл цуглуулдаг байлаа. Заримдаа юм оёно. Би буудлагаа болиод зодог тайлаад энэ бүгдийг  хийгээд удаан сууна гэхээс надад хэцүү санагддаг. Харин удаан зогсохыг чаддаг. Ер нь төсөөлөөд өөрийгөө өөр зүйл рүү хандуулна гэхээс хэцүү санагддаг. Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуульд нябо, нягтлангаар суугаад оффист суугаад энэ чиглэлээр ажиллана гэхээр тархи толгойд огт бууж өгөхгүй байсан. Мэдээж хэрэг энэ спортод эмээ болтлоо байхгүй нь ойлгомжтой. Тиймээс тодорхой хэмжээгээр спортоосоо хөндийрч ажил хийх шаардлага гарах л байх. Гэхдээ л өөр ажил хийнэ гэдэг бодол одоо болтол нэг л бууж өгдөггүй юм.

 

-Бидэнд хамт байх цаг их хомс байдаг-

 

-Хүний биед хутга барих эрх мэс засалч хүнд л байдаг гэдэгтэй адил буу барих эрх буудлагын спортын тамирчдад мөн нээлттэй байдаг. Галт зэвсэг барих нь бас нэгэн хариуцлага шүү гэж бодож буунаас айх, эмээх үе танд гарч байв уу?

 

-Галт зэвсгийн тухай хуулийг айхтар судлаж үзээгүй. Гэхдээ манай улсад галт зэвсгийн хэрэглээ илүү нээлттэй юм шиг санагддаг. Зарим улс оронд 21 нас хүрээгүй бол галт зэвсэг барихгүй гэдэг. Хийн бууг хэрэглэж болно гэсэн байдаг. Япон улсад гэхэд зөвхөн цагдаа нар галт зэвсгээр буудна гэж заасан байдаг. Тиймээс Японы тамирчид ихэвчлэн цагдаа нар байдаг. Тиймээс манайд галт зэвсгийнхээ тал дээр хяналт тавьж, хуулиндаа бага зэрэг өөрчлөлт  оруулмаар юм шиг санагддаг. Гарч буй гэмт хэргийн байдлаас харахад л галт зэвсгийн хэрэглээ замбараагүй байгаа нь харагддаг. Галт зэвсгийг зөвхөн тамирчид гэлтгүй ангийн сонирхолтой бас бууг хоббигоороо цуглуулдаг хүмүүст бидний бууддаг буунууд байдаг гэдгийг сонсч байсан юм байна. Ан авыг манайхан ихэвчлэн том калибр буугаар хийдэг. Бид буутайгаа харьцах дүрэм журмынхаа дагуу ажилладаг. Олон улсын тэмцээний үед ч дүрмээ зөрчвөл анхааруулах карт авдаг. Дахин алдаа гаргавал буудах эрхээ хасуулдаг. Ер нь галт зэвсэг гэдэг тоглоом биш. Санаандгүй байж байгаад гал алдсан тохиолдолд бокс шиг уучлал гуйгаад өнгөрөх зүйл байхгүй шүү дээ.

 

-Таны нөхөр гавьяат тамирчин Х.Цагаанбаатарыг мөн л Монголын ард түмэн мэднэ. Танай гэр бүлд олимпийн өдөр бас нэгэн баярын өдөр байдаг байх. Нууц биш бол энэ үеэр танай гэр бүл ямар уур амьсгалтай байдаг вэ?

 

-Баяр ёслолоор аль болох гэр бүлийнхэнтэйгээ хамт байхыг боддог. Гэвч яг одоогоор харамсалтай нь нөхөр маань Үндэсний шигшээ багийн тамирчин, бас л бэлтгэл сургуулилт гээд явчихсан. Ер нь л бидэнд хамт байх цаг их хомс байдаг. Халуун ам бүлээрээ хамт байдаг үе нь шинэ жилийн баяр. Учир нь шинэ жилээр дэлхий нийтэд ямар нэгэн спортын тэмцээн болдоггүй байх./Инээв/ Бусад баяраар хамтдаа байх нь ховор байдаг. Гэр бүлийн асуудал гарахад тухтай ярилцах цаг ч их ховор байдаг юм. Ихэвчлэн утсаар л хоорондоо ярина. Хамт байхдаа хүүхдүүдээ ярьсаар байгаад амьдралын зарим чухал асуудлаа ярих ч завдал төдийлөн гарахгүй. Мэдээж бид хамтдаа байхыг хүсдэг. Гэвч хоёулаа бэлтгэл сургуулилттай. Ялангуяа зуны улиралд тэмцээн уралдаан их болдог. Энэ үед хоёулаа хоёр талд байрлаад л бэлтгэл сургуулилтаа хийж байна. Хамт байх цаг хугацаа тиймээс ховор байдаг юм.

 

-Хоёулаа тамирчин хүмүүс болохоор энэ тал дээр бие биенээ ойлгодог байх.

 

-Би хэрвээ өөр мэргэжилтэй спортын бус ажил хийдэг эмэгтэй байсан бол нөхөр маань бэлтгэл сургуулилт гээд явахад хэцүү байх. Мaнайхны хувьд бэлтгэлд байрлаад байх нь харьцангуй бага. Харин нөхрийн маань хувьд жилийн 365 хоногийн бараг л 250 хоногт нь гэртээ байхгүй. Заримдаа би бүр нөхөртөө тоглоом шоглоом болгоод “Хөөe, хүүхдүүд нь аавынхаа царайг мартахаас өмнө хальт гэртээ оччихоод явахгүй юм уу” гэж хэлж цаашлуулдаг юм. Заримдаа уулзахаараа “Хамт явъя, хаашаа ч хамаагүй хамт явъя. Аавынхаа хажууд хамтдаа явах чинь бидний хувьд нэр төрийн хэрэг” гээд л нөхрийгөө бас цаашлуулна. Тэгэхээр нөхөр маань “Чи ямар аймаар юм бэ, би аль болох л хамт байхыг боддог биз дээ” гэж хэлнэ. Бидний амьдралын хэмнэл ийм л байдаг. Олимп бол спортын оргил тэмцээн тул амьдралын маань бүх л зүйл дөрвөөс дөрвөн жил дээр төвлөрч байдаг. Өөр хүн байсан бол бас хэцүү л байх байсан биз.

 

-Харин тийм. Өөр эмэгтэй байсан бол бүр хэцүү байх. Чи миний хажууд байхгүй хаана явна аа гээд л өдөржин, шөнөжин нөхөртөө гомдоллох байсан ч юм билүү. Ингээд бодсон чинь та хоёр нэг нэгнээ их ойлгодог хосууд бололтой.

 

-/Инээв/ Өөр эмэгтэйд хэцүү л санагдах байсан байх даа. Нээрэн бодсон чинь тийм байна.

 

-Танд гэхдээ хааяа ч болов нөхрөө харамлах сэтгэл төрж байв уу, хаана юу хийж байна вэ гээд л утас цохих удаа гарч байсан биз дээ?

 

-Нэгдүгээрт, бид нэг нэгэндээ итгэдэг. Хоёрдугаарт, бидний ажил маань ийм л байдаг. Шигшээ багийн тамирчид бэлтгэлээ хийж байхад нь би утасдаад л “Чи хаана байна” гээд ярих нь утгагүй. Би өөрөө амгалан, тайван талдаа хүн. Юм бүрт оролцоод түргэн уурлаад байдаггүй. Ер нь жаахан дуугүй хүн. Цаад хүн нь юу гэж хэлэхийг нь сонсч байж дараа нь ярьдаг дуугүй л хүн. Бид бэлтгэл сургуулилт хийж байгаа үедээ ч хоорондоо утсаар ярих нь ховор байдаг. Өдөр хоолны цагаар эсвэл орой бэлтгэл дууссаны дараа утсаар ярина. Ийм л байдаг. Нэгэнт л амьдрал, ажил маань ийм тул би тэр хүнийг” хүүе хаая” гээд байх шаардлага байхгүй. Мэдээж хэрэг өдөр бүр л ярина. Буруугаар бодох хүмүүс байдаг л байх. Гэвч хэзээ ч бидний дунд буруу ойлголт байдаггүй.

 

- Тийм учраас би 2006 оноос хойш хоёр удаа л сонин хэвлэлд ярилцлага өгсөн-

 

-Хүлээцтэй, тэвчээртэй зан тань таны спорттой холбоотой байх. Олон охид, эмэгтэйчүүдийг зарим зүйл дээр хүлээцтэй, тэвчээртэй байгаасай гэмээр үйл явдлууд шар хэвлэлүүдээр цацагдах л юм.

 

-Шав хэвлэл, сонин хэвлэлийг дөрөв дэх засаглал гэж ярьдаг.Тэд баттай эх сурвалжаас гэж ирж байгаад л бичдэг. Үүнийг би онцолж хэлж байгаагийн учир нь миний талаар болоод манай нөхрийн талаар янз бүрийн мэдээлэл  гарч л байсан. Гэвч тэдгээр мэдээлэл  нь огт худлаа мэдээллүүд байдаг. Тэмцээн уралдаанд явж байхад янз бүрийн худлаа мэдээлэл гарсныг олж мэдээд манай гэр бүлийнхэн ч, найз нөхөд ч тэр “сайхан худлаа бичих юм даа” гээд л өнгөрдөг. Худлаа мэдээллээ сэтгүүлчид баттай эх сурвалжаас гэж байгаад л бичдэг. Тиймээс би сонин хэвлэлд цөөн ярилцлага өгдөг. 2006 оноос хойш хоёр удаа л ярилцлага өгсөн. Нэг нь 2008 онд Дэлхийн байгаль хамгаалах сангийн шугамаар “Өдрийн сонинд” нэг ярилцлага өгсөн. Сүүлд тэмцээнд яваад долдугаар сарын эхээр “Зууны мэдээ” сонинд шинэчлэгдсэн дүрмийн талаар ярилцлага өгсөн. Тэгээд гурав дахь ярилцлагаа танай сайтад өгч байна. Тэртээ тэргүй худлаа даа гэж бодохоос би тэр бүр сонин хэвлэлийн шар мэдээнд итгэдэггүй.

 

-Явган яриа, шар мэдээлэл, хов живээс илүү маргааш гаргах таны амжилт танд чухал байх. Монгол Улсын хөдөлмөрийн баатар хүний мөрөөдлийг сонсож болох уу, баатар хүн “том” мөрөөдөлтэй л яваа байх.

 

-Тамирчин хүн бүрийн хүсдэг зүйл бол Олимп, Дэлхийн аваргын тэмцээнээс медаль авах. Гэвч сүүлийн үед хүмүүс алтан медалийг л үнэлээд мөнгө, хүрэл медалийг нэг их тоохоо байчихсан. Миний хувьд одоо бэлтгэж буй Дэлхийн аваргын тэмцээнээс медаль авах нь гол зорилго. Одоогоор бүх л бэлтгэл сургуулилт графикийн дагуу явагдаж байна. Гэвч амжилт гаргах нь, бэлтгэл хийх нь ч миний ажил гэсэн үг. Эмэгтэй хүнийхээ хувьд би гэртээ гэр бүлийнхэнтэйгээ сайхан амрахыг хүсдэг. Зав чөлөө гармагц л гэр бүлийнхэнтэйгээ хамт байдаг. Өдөр бүр хүүхдүүдээ харах нэг өөр. Хааяа нэг очоод харах нэг өөр. Гэвч спортод зориулах цаг хугацаа бол миний ажил бас миний хариуцлага.  Үхсэн ч амьд юм шиг үхэх хэрэгтэй гэж аав минь хэлдэг байлаа. Хүн амьд явахдаа гишгэх замаа мөрөө зөв бодолтойгоор гишгэж явж байх хэрэгтэй гэж боддог. Чингис хаан гээд л ярьж байна. 800 жилийн турш Чингис хааныг ярьсаар л байна. Үүнтэй адил би ч надад оногдсон ажлаа зөв, сайн, амжилттай хийхийг хүсдэг. Хүн бүр хийж буй ажлаа зөв талаас нь харвал бүх зүйл бүтэж болно шүү дээ.

 

 

 

-Ямар нэгэн байдлаар танд тэмцээнд түрүүлэх, эсвэл хожигдох зөн совин төрж байсан тохиолдол байдаг уу?

 

-Хэлэх үү, байх уу /Инээв/  Нэг их айхтар мэдэгдээд байдаг зүйл үгүй.

 

-Яагаад ч юм тантай ярилцсан энэ ярилцлагаа дуусгамааргүй санагдаж байна. Өөр олон зүйлийн тухай ярилцмаар байгаа боловч  бүх зүйлс төгсгөлтэй байдаг шүү дээ. Асуугаагүй асуулт үлдээсэн бол уучлаарай. Монгол Улсын хөдөлмөрийн баатар тамирчинтай Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийх нь өмнө уулзаж ярилцсан энэ өдрийг би хувьдаа марталгүй дурсаж явах байх. Тантай уулзах нэр төрийн хэрэг байлаа. Таны амаргүй олдсон амжилт бүр басхүү энэ эх орных байдаг болохоор хоёулаа энэ ярилцлагаа эх орны тухай таны яриагаар өндөрлөх үү?

 

-Ажлын шугамаар гадаад оронд явж байгаа хүн бүр өөрийн улс эх орноо төлөөлөн явдаг. Би ч мөн тэдний л адил. Яг л тэр нэг тэмцээнд тэр үед л би эх орноороо бахархаж билээ гэж ярих нь миний хувьд цөөднө. Тэмцээн уралдаанд Монголын тамирчин гэж дуудуулж эх орныхоо нэрийн өмнөөс спортод зүтгэж байгаа маань, эх орныхоо хөгжилд оруулж  буй миний хувь нэмэр гэж боддог.Амжилт гаргаад төрийн далбаагаа мандуулж  сүлд дууллыг сонсох хамгийн сайхан байдаг.

 

-Тэгвэл таны бууны сум бүхэн эх орны төлөө байдаг байх нь.

 

-Тийм. Ганц чадах л зүйл маань энэ шүү дээ.

 

-Удахгүй болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орныхоо нэрийг дуурсгаарай гэж энэхүү ярилцлагыг унших уншигчдынхаа нэрийн өмнөөс танд ерөөл дэвшүүлье.

 

-За.Баярлалаа.

 

Э.Одгэрэл | Гэрэл зургийг Ц.Баярбаатар

 

Мэдээллийг http://www.eagle.mn/ ээс.

Харуул хамгаалалт, байгууллага, ангийн буу, галт зэвсэг эзэмшигчдэд зориулан:

  -  Галт зэвсэгтэй зөв харьцаж сурах

  -  Зэвсгийн аюулгүй ажиллагаа, үйлчилгээ

  -  Мэргэн буудах арга барил, онол

  -  Буу, дурангийн тохиргоо тааруулах зэрэг сургалт, үйлчилгээ явуулна

Та бүхний анхааралд

2/23/2019

АНУ зохион байгуулагдаж байгаа Парабуудлага дэлхийн цомын тэмцээн СМ З.Ганбаатар Олимпийн эрх авлаа.

2/22/2019

АНЭ улсад зохион байгуулагдсан Парабуудлагын дэлхийн цомын тэмцээнээс манай баг тамирчид мөнгөн медалийн эзэд боллоо.

1/29/2019

2019 оны Шилжин явах цомын эхний аварга тодорлоо

1 / 8

Please reload

  • Facebook Social Icon

“АВАРГААС АВАРГА” буудлага спортын клуб  

99100998,  83111010. 99610621

© 2019  by Tugi. Proudly created with Champion Shooting Club

This site was designed with the
.com
website builder. Create your website today.
Start Now