БУУНЫ МУФТ БА КОМПЕНСАТОР

         Бууны хошуунд хийдэг дарвагар, цорвогор элдэв зүстэй эд ангийн талаар өмнө бичиж байсан бичлэгээ сэргээн засварлав.

            Дөл баригч (muzzlebrake, flash hider, дульный тормос, компенсатор энэ бүгдэд оноосон монгол нэр байдаг л байх. Дөл намсгагч, тийрэлт багасгагч өөр юу ч гэдийн тэр төмөр зөвхөн дөл намсгах зориулалттай биш учир цаашид товчлоод нэмэлт залгаас буюу “муфт” гэдэг нэрээр нь явчий. Буруу орчуулж гээд бухимдаад байв аа) гээд нэг эд анги байнаа. Сүүлийн үед буугаа тоноглох дуртай хүмүүс их сонирхдог болжээ. Гэвч ямар учиртай эд, яагаад байлдааны загвартай буу бүрд байх атлаа ангийн буунд бараг огт байдаггүй гэх мэтийг үл хэрэгсэн, зүгээр л “гоё харагддаг юм” гэх талаас нь сонирхогчид мэр сэр асуух болсон тул ийн тайлбарлахыг хичээвэй. Нэг удаа “гал баригч бол эсрэг талдаа хаанаас буудаж байгаагаа харуулахгүй зорилгоор хийгдсэн, бууны дуу, галыг нуудаг эд” гэж бичсэн коммент хараад анх энэ сэдвийг бичих сэдэл төрж билээ. Бас л үлээнэ гэж шуурга тавьдаг гар байсан байгааз... кккк

       Буудах үед тэсрэлтийн даралт болон гал гэж нүсэр юм гардаг. Уг нь хар багцаагаар бодоход сум түрүүлж гараад, араас нь гал, тэсрэлт нь гармаар санагдана. Яагаад гэхээр дарь нь сумныхаа ард байдаг учраас. Гэтэл бодит байдал дээр тэгдэггүй ажээ. Сумтайгаа чихэлдээд л, нэлээдгүй их хэсэг нь сумнаасаа түрүүлж гарч нтр бөөн юм болдог гэдэг нь удаашруулсан бичлэгээр батлагдсан байна.

Бидний сайн мэдэх оросын оготор шар богино винтов М-44 ингэж бууддаг байх нь

  1. Харин энэ үйл явдалд хамаарах эд ангийг яагаад дөл намсгагч гэж нэрлэх болов, дөл намсах нь ямар сайн талтайв? гээд эхэлье дээ.

        Аливаа муфт нь хажуу талдаа баахан онгорхойтой. Буудах үед гал /даралт, гал, гэрэл бүгдийг нь базаад гал гээд явчий. Арай амар бичигдэхээр байна /энүүгээр 2 тийшээ болон тал тал тийшээ сарниж гарна. Бүрэнхий үед буудахад муфтгүй бууны хошуунаас тохой хэрийн урт, төө гаруй диаметртай /хужаа халуун сав шиг хэмжээтэй гэрэл/ гал гардаг. Харанхуйд бол угаасаа ярилтгүй аварга гал гарна. Нэг дор олон буудахад энэ аварга галд буудагчийн нүд гялбаж, сүүлдээ овоо хараа харагдахгүй болж ирнэ. Харин тэр гал овоо хараагаа халхлалгүй тал тал тийшээ сарничуул буудагчийн нүд гялбах багасдаг нь 1 дүгээр ач холбогдол. Ийм зөвхөн дөл сарниулах үүрэгтэй муфт байдаг. Тэдний ухлаадас нь Х хэлбэрээр 4 тийш, эсвэл хэвтээ Ж хэлбэрээр 5-6 тийш дөл сарниулдаг.

Sunshade-ийн төрлүүд

Автомат буудлагын гал урдаасаа иймэрхүү харагдах нь. Энийг амьдрал дээр харах гэвүүзэй. ЧАД БОЛНО шдээ....

         Харж болох хамгийн тодорхой жишээ гэвэл Тигр, Сайга-М3, винтов /7,62х54р/ сумтай Вепрь гэх мэт буунуудыг муфт байгаа. Харахад онц үүрэггүй гэмээр сэрдгэр төмөр бий.

     САйга-М3 муфт. Анзаарсан бол яг овооны харалдаа хэсэг нь онгорхойгүй байна. Тэхээр тэр чиглэлд гал явахгүй буюу буудагчийн нүдийг гялбуулахгүй гэсэн үг

     Ийм төрлийн, зөвхөн дөл сарниулах үүрэгтэй муфтийг нэг дор үргэлжлүүлэн олон бууддаг хагас, бүрэн автомат (assault rifle) буунуудад голдуу ашиглана. Тиймээс нэг удаадаа ганц л бууддаг ангийн урт буунд (замаг татдаг механик -bolt action rifle) муфт хийдэггүй. Буудлагын дөл байг нь халхлах гэсэн ойлголт байхгүй.

   Ангийн буун дээр: буугаа дуусгая гэж төлөвлөөгүй л бол нэг дор олон угсруулан буудаад байх дэмий байх оо.

2. Муфт хийчихээр тийрэлт багасаад янзтай болдог юм билээ гэсэн яриа сонсож байв уу? Яагаад тэгдэг юм бэ?

Тийрэлт багасгах үүрэгтэй муфтууд. Анх том калибрийн буюу хэт хүчтэй сумтай буунуудад хийгддэг байв. Америк хэмжүүрээр 0.50 cal. эсвэл 12.7мм гэх мэт том калибрт. Харж болох жишээ буу нь barret-M107, оросын В-94 гэх мэт. Иймэрхүү том калибрын буунд ийм тийрэлт багасгах үүрэгтэй муфт маш чухал хэрэгтэй. Муфтгүй буудвал тэр буу бараг эгэм хугалж мөр мултлах байх. Эдний муфтний онгорхой нь хойшоо чиглэлийн 2 салаа хөндийтэй, голдоо сум багтах төдий нүхтэй. Буудах үед галны ихэнх нь урд ханаа мөргөөд, 2 талын хөндлөн онгорхойгоор хойшоо гарна. Ингэж тэсрэлтийн даралт урд ханануудыг мөргөх үед буу бүхэлдээ урагш түлхэгдэх тул буу урагш зүтгэж, буудагчид ирэх тийрэлтийг багасгаж өгдөг. Товчдоо бол пуужин нисэх зарчмаар ажиллана.

Barret муфт.

Тэр даралтынх нь чиглэлийг хараарай. Хойшоо хаяж байгааз. Ингэхээр буугаа урагш нь зүтгүүлж түлхдэг байна. Тэгээд л хойшоо тийрэлт нь багасдаг

     Энд нэг анхаарах маш чухал юм нь...... бууны аман дээр ийнхүү сүрт тэсрэлт дэлбэрэлт болж байдаг тул муфтээ маш сайн бат бөх суулгах шаардлагатай байдаг. Яагаадав гэхээр, буудлагын гал урагш чөлөөтэй гарахад нь саад тулахаар хойш түлхдэг гэчлээ. Яг ийм хойш урагш түлхэлцсэн аюулт тулааны үед өнөө муу муфт нь мулт явчуул, буу хойшоо хүчтэй түлхэгддэг байна. Өөрөөр хэлбэл, тийрэлт нь муфтгүй байснаасаа ч илүү хүчтэй нударна. Ёстой л мөр мулт өшиглөх мэт. Харин салшгүй бөх бэхлэгдсэн муфттэй бол муфт нь буугаа урагшаа чирж түлхэгдэх учир бууны тийрэлт тун сайхан багасдаг байнаа.

    Муфтээ тэгш, зөв харуулж суулгах ёстой. Тэгж байж үндсэн үүргээрээ ажилладаг. Буруу харуулаад, хазгай хэлтгий боочвол бууг чинь буруу чиглэлд түлхэх аюултай. Резьба ханачдаг.... гэтэл хазгай сууж таарах тохиолдол гарах нигууртай тул ийм контр /чангалагч/ боолттой байх шаардлагатай байдаг. Резтбаг нь тулгаал, муфтээ тэгшхэн тааруулуутаа контр боолтоор нь нам чангалчна.

   Эсвэл резбадалгүй, ингээд олон боолтоор үхлүүт боодог хийц ч байна. Надад их таалагдаад байгаа. Муфтний асуудал үүсвэл тайлаал авчна. Буун дээр ямар нэг ул мөр үлдэхгүй. Жишээ нь буугаа зарах болдог... муфтээ аваад үлдчмээр байдаг? Энэ тохиолдолд...

Энэ дотроо резьбатай. Гаднаасаа харахад ганц боолттой. Тэр ганц боолт нь муфтээ барих үүрэггүй. Резьбагаа л чангалах үүрэгтэй. Контр боолтны оронд гэсэн үг лдээ.

      Гэтэл сүйдтэй том сумгүй буунууд хүртэл ийм төрлийн муфт хийгдсэн байдаг. Тухайлбал, АК-74, Сайга-МК зэрэг жижиг сумтай бууны муфт нь хажуудаа 2 том онгорхойтой, бас урдаа сум багтах төдий жижиг нүхтэй байдаг. Энэ мэдээж энд хэлсэнчлэн тийрэлт багасгах үүрэг бий. Гэхдээ сүртэй тийрэхгүй юманд яагаад ийм гандайсан юм хийчэв?

АК-74. Урд муфт нь Сайга-МК д бас байгаа.

3. Гал цэвэрлэх

       Муфтны бас нэг маш чухал үүрэг нь тэсрэлтийн даралт, долгион сумны нисэлтэд нөлөөлөхийг багасгаж тэсрэлтийн долгионы ойлтыг цэвэрлэж авч үлддэг. Сумны хошууг араас нь хөөж буй тэсрэлтийн даралт нь сум гол төмрөөс гараад чөлөөтэй нисэх үед сумны бөгсөн дээр алгаддаг. Араас нь үйлчилж байгаа цохилтын долгионыг үүнээс өөрөөр хялбар тайлбарлаж чадашгүй нь хахаха

        Ингээд бянтнаас салсан, замаа ахиж тогтворжуулан шулуутгаж чадахгүй сум галд алгадуулнаасаа болоод үл ялиг далбилзсан хөдөлгөөнтэй нисдэг ба хол нисэх тусам тэр хөдөлгөөн улам ихсэж, үр дүнд нь сумны тусгал сарнидаг. Ийм учраас холын зайн мэргэн буудлагын буунд заавал муфт хийдэг байна. Есөн жорын муфтаас долгион цэвэрлэхдээ хамгийн сайныг сонгох нь жаахан мэдлэг, туршлага шаардах ба муфт үйлдвэрлэлтээр мэргэжсэн нөхдүүд хэр сайн эд болохыг нь туршилтаар батлан үзүүлэхийг чармайдаг ажээ.

Сум гол төмрийг орхих мөч

    Тэгээл цаашаа ингээл алга болж өгөх нь. Муфтгүй гол төмрийн аман дээр харин ямархуу юм болдгийг дээр оруулсан богино винтовны буудалтаас харж болно.

Энэ гайхамшигт буу юу юу өөртөө наасныг нь тайлбарлахдаа муфтийг нь хүртэл дурдаж.

Ямархуу үйлчилгээтэй, хэр мундаг эд вэ? гэдийг нь ийнхүү ус шахан харуулдаг нь ч байна.

Энэ ногоон нөхөр дээд зурагны баруун доод муфтийг хэрэглэн буудахад хэр зэрэг бөөн туссан талаар танилцуулсан байна. Нэг нүхээр шивээд хаячиж гэнэ

     Гэхдээ энд анхаарах юм нь богино гол төмөртэй буунд ийм нөлөөлөл илүү их байдаг тул богино голтой буунууд тэсрэлтийн долгионыг сумнаас цэвэрлэж авч үлдэх үүрэг бүхий муфттэй байх нь тун элбэг. Тэгээд л Сайга-МК тийм муфттэй болсон байх нь байшд. Урт гол төмрийн хувьд тэсрэлтийн долгион маань сумаа хөөж байх уртын замдаа аль хэдийнэ хүчээ алдах тул гол төмрөөс сум салах үед богино гол төмөр шиг сүртэй нөлөөлөх хүчгүй болсон байх ба ангийн буудлагын хувьд тэгтэл учиргүй нарийн нандин буудалт, тусгал шаардахгүй учир ийнхүү муфт хийгээд байдаггүй байх нээ.

      16 инч буюу 40 см урт гол төмөртэй CZ-550 urban counter sniper буу. 800 метр хүртэл зайд буудаж туршсан байдаг. Ердийн урт голтой, снайпер буунуудаасаа огт дутаагүй, бүх зайд маш ойролцоо үзүүлэлттэй байсан гэдэг. Тийм тусгалын бөөгнөрөл бол ангийн хэрэглээнд хурцдахаар... Харин үнэ нь овоо эдээ. Мань мэтийн CZ-550-уудаас 3 дахин үнэтэй. Овор бага, ёстой хөөрхөн эд.

Remington-700 ч бас бий. Энэ гэхдээ 20 инч, 50см голтой

Ийм ч л байна. Энэ бүүр тасарцан. Мөрлөгчийг нь бас эвхдэг тул богинохоон, бараг дэлэм шахуу урттай л болно.

       Харин иймэрхүү тийрэлт багасгах төрлийн, хойшоо галаа хаядаг муфтүүд тэсрэлтийн дуу чимээгээ бас хойшоо гаргах учир буудагчдаа маш тээртэй чанга дуугарч лай болдог. Хүсэхийм биш. Ер нь ийм загварын муфттэй хүн аль болох чихэвчтэй буудаж байх хэрэгтэй. Эс тэгвээс нээх удалгүй дүлийрч эхэлнэ. Хар залуугаараа хүний өөдөөс өрөөсөн чихээ өргөөд “айн айн” гээд унавал хэн хэндээ хэцүү л байх.

Бас ингэж дуу чимээгээ хойш гаргах нь буудах чиглэлд очих дууг ялимгүй багасгадаг гэдгийг нэмэх нь зүйтэй. Буудуулж байгаа амьтанд сонсогдох нь ялимгүй багасна гэжаам шүү. Амьтан сонсоод л байлээ шд гээд балай юм яриад унавзай.

  1. Олио дарах. Алиа гарчиг өгчлөө шүү.

       Буудах үед гол төмрийн дээшээ олисхийх хөдөлгөөнийг дарах зорилгоор муфт хэрэглэх тохиолдол бий. Яагаад ингэж ольдог вэ гэхээр....

         Сум урагш буудагдах үед сумыг урагш түлхэж буй хүч хойшоо ч бас үйлчилж байдаг. Өөрөөр хэлбэл, гол төмрийн шугам дагуу хойш урагш түлхэх хүч үүсдэг. Хэрэв гол төмрийн харалдаа чиглэлд тулах цэг байхгүй, гол төмрийн шугамаас доогуур тулж байгаа бол бууны төв цэг дээр эргэлдэх хөдөлгөөн маягийн юм үүсч гол төмрийн ам дээшээ өндийдөг гэнэ. Физик, геометртээ сайн байсансан бол яагаад тэгдийг нь тодорхой ойлгомжтой тайлбарлахсан. Даанч мэдлэг нимгэдээд, тэгээд ч тэр нь хэрэглээн дээр нээх ач холбогдолтой ойлголт биш тул ингэсгээд хаялаа.

Иймэрхүү юм болох нь. А бол хойш үйлчлэх хүч, В тулах цэгүүд. Ингэхээр С чиглэлд буу өндийх нь.

Гол төмрийн шугам. тулах цэг

Буруу мөрлөх, буруу барих үед тулах цэг доошлох ба ингэснээр гол төмрийн олих хэмжээ ихэсдэг байна.

     Харин муфтны дээд талд онгорхой нүх гаргачуул гал тийшээ зүтгэж, нөгөө тийрэлт багасгадаг шигээ муфтныхээ доод ханыг доош дарснаар бууны хошууг доош дарж өгнө. Ингэж гол төмрийн дээшээ олих хөдөлгөөнийг дарах нь, бууг тэнцвэржүүлэх маш чухал ач холбогдолтой. Тиймээс нэг дор угсруулан олон бууддаг буунд ийм үүрэгтэй муфт хийчүүл дээшээ гозолзох нь багасдаг.

      Хар Баракийн дарвийнк. Муфтгүй. Гэхдээ гол төмрийг нь цоолж буугаа тэнцвэржүүлжээ. Ийм хийцтэй дарвийнкнууд маш олон. Бянттай буунд ингэж цоолвол сумны нисэлтдээ нөлөөлөх учир муфтээр л бууг нь дарж өгөхөөс өөр аргагүй. Харин тэр шар амсартай бяцхан муфтэрхүү юмыг чок /багтруулагч/ гэнэ. Дарвийнкний сумыг хол нисгэх үүрэгтэй. Энд бичгдэх муфтээс шал өөр зорилго хэрэглээтэй.

       Олон үүрэгтэй муфтэд ингэж олио дарагч үүрэг нь давхар байдаг ч, дан ганц олио дарах үүрэгтэй муфт ч бас байдаг. Миний санахад энэ зөвхөн АКМ-д л байдаг. Өөр буунд байдаг эсэхийг мэдэхгүй бна. АК-47-гийн тийрэх хөдөлгөөн гол төмрөө дээш нь олилзуулаад (дээшээ буудуулаад) байдаг. Учир нь гол төмрийн шулуун чиглэл мөрлөгч хэсгээс дээгүүр шугамд байдаг. Дээр хэлсэнчлэн буудахад тийрэлт мөрний хэсгээс дээгүүрх хий хоосон чиглэлд байдаг учир гол төмөр дээшээ олино. Энийг шийдэх гэж АК-47-г сайжруулж модернизаци хийхдээ бууны хошууны хэсэгт бяцхан эрүү маягийн муфт хийж өгсөн. Буудах үед гал тэр эрүүн дээр дарж гол төмрийг дээшлүүлэхгүй байх үүрэгтэй. Одоо манай армид энэ АКМ буу үндсэн зэвсэг.

        Дээдэх нь АК-47. Доодох нь АКМ. Урд хошуундаа эрүү хэлбэрийн муфттэй болсноос гадна, бөгс мод нь дээшээ байрлалтай болсноор энэ бууны олилт багасч тэнцвэржсэн тул харьцангуй цэцэн бууддаг болжээ.

        Энэ эрүүний анхны санаа нь орос винтовны жаднаас үүссэн байх магадгүй. Буудлагад дериваци гэсэн ойлголт байдаг. Сум бянтны эргэлтээ даган баруун тийшээ даялж нисэх хандлагатай байдгийг их эрт мэджээ. Ердийн буудлагад деривацийн нөлөө бараг мэдэгддэггүй. 1 км-т ойролцоогоор 1 метрийн гажилт үүсдэг буюу баруун талдаа тусдаг байна. Мэдээж энд сумны хурд энээ тэрээ олон юм хамаараад янз бүрийн хэмжээгээр дериваци үүсдэг.

       Хөл бөмбөгт ч бас иймэрхүү үзэгдэл гардаг. Эргэлттэй өшиглөсөн бөмбөг эргэлтийнхээ дагуу чиглэлээ өөрчилдөг. Зураг дээр захын шугамнаас өшиглөж байна. Шулуун чиглэлээр яагаад л бөмбөг хаалганд орохгүй. Деривацаас гадна Магнусын эффект гэж ч юм байдаг. Гэхдээ тийшээ орвол арай гүнзгийрээд сэдэв халих байх.

        Оросууд 100 гаруй жилийн өмнө энэ үзэгдлийг мэддэг байж. Тэгээд урт винтов (mosin nagant 91/30) зохиохдоо агуу буу хийж байгаа гэж итгэж байсан тул 2 км-т буудахаар харааны самбараа хийж байсан бол деривациа засах гэж жадаа баруун талд нь угсарчээ. Дунджаар 1 км-т хусна гэж л боджээж лдээ. Баруун талд жад бэхэлдгийн учир нь: жадыг нь хийгээд буудахад гал, тэсрэлтийн долгион гол төмрөөс гарахдаа жадны ховилд тулан ойгоод сумыг зүүн тийш нь шахаж чиглүүлж өгнө гэж тооцжээ. Үнэхээр ч тэгж байсан байж магадгүй. Урт винтовоор холд буудахдаа жадыг нь хийж байгаад бууд гэж зааварддаг байжээ.

      Мосины винтовын тухай баримтат кинон дээр энэ жад сумны нисэлтэд яаж нөлөөлдөг талаар хөдөлгөөнт зургаар харуулдаг. Тэр жадных нь ховил нтр-ийг хараад байгаарай.

    Дээрх АКМ-тэй ойролцоо, ольдог бууны америк жишээ нь Томпсоны автомат (tommy gun, thompson submachine gun). Бас гол төмрийн шулуун шугам мөрлөгчөөс хэт дээгүүр байдаг. Гэхдээ америкчууд асуудлыг муфтээр ч, бариулаар ч шийдсэн. Гол төмрийн доор доошоо зуурдаг бариул хийж өгсөн. Сум нь ч уг нь нээх хүчтэй олихоор эд биш. Гар бууны л сум. Харин м-16 ольдоггүй бууны жишээнд орно. Гол төмөртэй шулуун шугамд мөрлөгч нь байдаг. Тийм учраас бууныхаа урдаас атгаж зууралгүй, алган дээрээ хөнгөхөн тавьж байгаад бууддаг.

Tommy gun. Tomphson submachine gun. Америкийн хуурай хуулийн үеийн мафиудын гол зэвсэг. Мөрлөгч нь тээр доор. Овоо олих эд байгааз

М-16 карбины дүү, М-4 карбин. Мөрлөгч, гол төмөр нь нэг шугамд. Манайхан иргэний хэрэглээний AR-15 загваруудыг нь нэлээн хэдийг оруулж ирсэн харагддаг.

      Ихэнх ангийн урт бууны гол төмөр, мөрлөгч хэсэг нь ойролцоо шугамд байдаг тул гол төмөр учиргүй олилзох асуудал гардаггүй. Урдаас нь барилгүй, ямар нэг юман дээр сул тавьж байгаад буудахад буу бага зэрэг дээш үсэрдэг. Үүнийг олионд тооцохгүй. Тэгээд ч нэг буудаад зогсож дахин цэнэглэж шагайдаг тул ольсон хөдөлгөөн гэдэг ойлголт угаасаа ямарч ач холбогдолгүй. Тиймээс ангийн буунд олилт дарсан муфт гэж юм байхгүй.

       Муфт тэгээд хэрэгтэймуу? Чухал үүрэгтэй гэж баахан чухалдснаа, ангийн буунд ашигладгүймаа ч гэх шиг.... ийм бодол зарим хүмүүст төрсөн байх магадгүй.

     Уг нь би аливаа бичвэртээ “тэр бол хог новш, энэ бол хамгийн шилдэг” гэхчлэн өөрөө дүгнэхгүйг хичээдэг. “Ер нь бол ийм тийм байна. яахаа өөрөө мэддээ” гэсэн байдлаар уншигчдаа өөрөө шийдвэр, дүгнэлт гаргах эрхийг нь үлдээхийг хичээдэг. Тиймээс буу сум бичихдээ үүх түүх, үндсэн зарчим талаас нь л бичдэг. Гэтэл зарим хүмүүс шуудхан л бичигчээр нь сайн муу гэсэн дүгнэлт гаргуулж аваад л, сохроор дагах гээд байдаг талтай. Тиймэрхүү коммент ч харж л байлаа. Асуулт нь “энэ хэр эд вэ?” гэх маягтай.

        Тиймээс муфт хэрэглэх эсэх сонголт бол таных шүү. Яагаад ийм байдгийг л бичив.

      Хүмүүс сонирхолоороо буундаа элдэв янзын муфт хийхэд муулах шалтгаан уг нь байхгүй. Цоо шинэ Ланд авчаад лебедк, том дугуй, өндөрлөгөө, ачаа, канистр хийх, эсвэл нэмэлт элдэв гоёмсог гэрэл чийдэн, арын камер хийх, салон дотроо бол GPS, navigation, TV, DVD хийхтэй л адил. Үйлдвэрээс тавигдаагүй, гэхдээ өөрөө нэмээд суурилуулчуул машинаа хэрэглэхэд илүү л тухтай болдог доо. Тэрэн шиг л юм.

      Харин муфт сонгохдоо буруу зөв хийцтэй эсэхийг нь л сайн анхаарах хэрэгтэй. Энд бичснээс эсрэг зарчмын хийцтэй бол тийрэлт нэмэгдүүлж болох нь, бууны хошууг хүсээгүй чиглэлд даялуулж болох нь гэх мэт.

   Эсэн бусын балай муфтүүд их байдаг. энэ гэхэд л тулсан газар бараг жад шиг үүрэгтэй ч байх шиг

Ийм муфт байна. гадуур нь давхар труба углаж боогоод л дуу намсгагч болчдог. гадна резьбаг нь анзаараарай.

    Гол төмөрнөөсөө муфттэй буунууд байна. зүгээр бууг ингэж оролддог гар нь өтсөн нөхдүүд байхын зэрэгцээ, угаасаа үйлдвэрээсээ ийм хийцтэй нь ч байдаг. манайд ремингтоны тийм загвар хэд хэд орж ирсэн. гурвалжин гол төмөртэй гэхээр санаж байгаа

     Гэхдээ нэг анхаарах юм нь, хуулинд муфтийн талаар тодорхой зохицуулалт байхгүй. Дуу намсгагч ашиглахыг л хорьсон байдаг. Бас гол төмрийн хэв загварыг өөрчлөхийг хорьсон байдаг. Муфт бэхлэх гээд резьба татуулсныг, ер нь муфт тавьсныг гол төмрийн үйлдвэр хийц, хэв загвар өөрчилсөн гэж үзэх үү? Муфттэй бууг хурааж авах үндэслэл, журам байдаг уу? ТОЗ-8 дээр дурангийн суурь гагнацан байсныг үйлдвэр хийц өөрчилсөн гэж хурааж аваад даший шог боллоо гэж сонсож л байсан. Ангийн бууг тактикал загвартай байна гээд хилээр оруулаагүй түүх ч сонсож л байна.

       Энэ мэт тодорхойгүй байдалтай зохицуулалтууд зарим нэг муу хүмүүст дураараа авирлах боломжийг нээгээд байдаг нь харамсалтай.

Харуул хамгаалалт, байгууллага, ангийн буу, галт зэвсэг эзэмшигчдэд зориулан:

  -  Галт зэвсэгтэй зөв харьцаж сурах

  -  Зэвсгийн аюулгүй ажиллагаа, үйлчилгээ

  -  Мэргэн буудах арга барил, онол

  -  Буу, дурангийн тохиргоо тааруулах зэрэг сургалт, үйлчилгээ явуулна

Та бүхний анхааралд

2/23/2019

АНУ зохион байгуулагдаж байгаа Парабуудлага дэлхийн цомын тэмцээн СМ З.Ганбаатар Олимпийн эрх авлаа.

2/22/2019

АНЭ улсад зохион байгуулагдсан Парабуудлагын дэлхийн цомын тэмцээнээс манай баг тамирчид мөнгөн медалийн эзэд боллоо.

1/29/2019

2019 оны Шилжин явах цомын эхний аварга тодорлоо

1 / 8

Please reload

  • Facebook Social Icon

“АВАРГААС АВАРГА” буудлага спортын клуб  

99100998,  83111010. 99610621

© 2019  by Tugi. Proudly created with Champion Shooting Club

This site was designed with the
.com
website builder. Create your website today.
Start Now