БУУНЫ ДУРАНГИЙН ТАНИЛЦУУЛГА

         Одоо ч дурангүй бууг буу гэж үзэхээ больсон цаг иржээ. Миний багад дурантай буу хэрэглэдэг хүн ховор байлаа. Дуран байлаа ч, яаж хэрэглэхийг нь мэдэх хүн ховор байлаа. Гэхдээ тийм байлаа гээд ганзага хоосон ирдэг хүн ч бас ховор байсан үе. Одоо харин тэдний үр хойчис нь хааяа энд тэнд “мань чинь 2 км-т дурантай дурангүй төвөггүй буудчихдаг юмаа” гээд хэнэггүй үлээчдгийг эс тооцвол баримжаатай буудахыг оролдогчид маань хааяагүй л дуран сонирхдог болж. Тиймээс тэдэндээ нэмэр болох санаатай таван үг цохив.

         Миний бие бичвэртээ диаметр, линз гэхчлэн элдэв гадаад үгийг бишгүй нэг хэлэх ба өдөр тутам хэрэглэддэг энэ мэт элемэнтар үгнүүдийг тайбарлах шаардлагагүй гэж найдаж байгаа шүү. Эзээгүй зөвхөн дуран дээр л хэрэглэддэг үгнүүдийг тайбарлах юм. Ер нь бол угаасаа энэ бичвэр маань “шар хонгиотой сум давдаг миа сум байлээ” гэж ярин “500-д 5g-г дурангүй ташчдаг” гаруудад шаал хэрэггүй байх, тийм учраас тэдний оюуны бяданд тааруулж диаметр мэтийн үгсийг тайлбарлах шаардлага гарахгүй гэдэгт тунчиг найдаж байнаа гээд оршилоо өндөрлөв.

Объектив линз

        Заа, дуран маань болвоос нэгэн гулдгар урт биет ажээ. Тиймийн тул аль нэг захаас нь мэрэхээр шийдэв. Юмыг араас нь хийгч аливаа этгээд нь ямагт онцгүй, тааруу этгээд хэмээн ойлгогддог тул сайн төрөлт хүмүүний дүрийг харуулан урдаас нь эхэльеэ.

        Дурангийн урд талын дугуй шилийг объектив линз гэнэ. Дурангийн талаар яриа өрнөх үед 3-9х40мм, 4-16х50мм, 6-24х50мм, эсвэл зүгээр л 3х24мм, 4х32мм, 10х42мм гэхчлэнгийн тоонууд хамгийн түрүүнд сонсогдоно. Үүний хамгийн арын хэсэг дэх 40мм, 50мм, 24мм, 32мм, 42мм гэх мэтийн тоонууд нь обьектив линзийн диаметрийн хэмжээг зааж байгаа юмаа. Обьектив нь 32, 40 миллиметрийн диаметрээс доош буюу жижиг байх нь дурангийн овор хэмжээ бага авсаархан, хөнгөхөн /буу хүндрэх чинь ёстой лай!! байдым шдээ/, харьцангуй бат бөх зэрэг давуу талуудтай.

           Харин сөрөг тал нь гэрэл нэвтрэлт багасдаг буюу бүрэнхийд нүдээр дажгүй харагдаад байгаа юм, дурангаар шагайхаар бүүдийгээд олигтой харагддаггүй гэсэн үг. Гэхдээ одоо мундаг брэнд компаниуд хэлэх гээд хэлэндээ хахаж үхэм хачин чамин нэртэй элдэв бодис нтр-ээр обьективоо өнгөлөх, түрхэх зэргээр гэрэл нэвтрэлтийг нь ихэд сайжруулаад явдагийг бас дурдсуу. Харин ингүүлцэн дурангууд их өндөр үнэтэй. Хармааг чинь эргүүлж сэгсрээд гөвчинө.

     50мм болон түүнээс дээш обьективтой дуранг ихэвчлэн холын буудлага, ангийн буудлагад ашиглахаар зохион бүтээсэн байдаг. Гэрэл сайтай, дүрс тод харагдана. Нэгэнт л том хийгдсэн дуранг бас таталт өндөр байхаар хийдэг нь ч нөлөөлдөг байх. Ер нь л олон сайн талуудтай. Сайн юмыг хүнээр хэлүүлэлгүй, өөрөө өдөр тутам биеэрээ мэдрээд, гэнэт гэнэт байн байн өөртөө сюрприз бариулах нь хүмүүнд сэтгэлийн цэнгэл эдлүүлдэг учир миний бие их бага аливаа юмыг “сайн шдээ” гээл орхидогоо хавчуулчъяа. Нээх сайхан кино үзэх гэж байтал хажууд нэг алиа гар түрүүлээд нөгөө киноны чинь үйл явдлыг яриад байвал муухай байдаг даа. Тиймэрхүү л....

         Дутагдалтай тал нь ийм дурангууд овор ихтэй, хүнд, чулуу шороо үсрээд сэв хортон суулгадгүймаа гэхэд хог шороо, хуруу хумсны хээгээр бохирдчих талбай том гэх мэт бас цөөнгүй юмс байнаа байна. 300 winmag, 7mm rem гэх мэт нүсэр сумаар буудахад, худалч хүнд тэр хавийн газар нь лүннн!! гээл доригий шдээ. Энэ зуурт бас хөөрхөн шороо тоос босоод адал явдалтай. Иймэрхүү гадны халдлагаас хамгаалах гэж зарим сайн дурангууд обьективоо хамгаалсан элдэв нарийн технологитой байдаг. Жишээ нь миний мэдэж байгаагаар /би ийм дурантай/ Vortex PST загварын дурангуудад ArmorTek гэсэн хамгаалалт байдаг. Харахад зүгээр л шил мөртлөө, лав л дээр нь хуруугаараа дарахад хурууны хээ үлддэггүй юм билээ. Харин сэв зураас гарахыг нь шалгах гээд дээр нь чулуугаар зурчих зүрх арай хүрээгүй бөлгөө.

        Ийм том дуранг холын буудлага, ангийн буудлагад голдуу ашигладаг гээд орхисон. Байлдааны дурангуудыг ажаарай. Ихэвчлэн 44мм-ээс доош обьективтой дурангууд байдаг. Учир нь үүрээд гүйх, гар дээрээс яаран буудах зэрэгт хөнгөн байдаг.

      Нөгөө талаас, том обьектив нь гэрэлд гялбаж буудагчаа эсрэг талд нь бариад өгөх өндөр магадлалтай. Ийм учир том обьективтой дуранд зориулсан гялбалтын хамгаалалт янз бүрийн юмс их байдаг. Зөгийн үүр, сүүдэрлэгч хоолой гэх мэт.

Анзаарсан бол зарим нэг байлдаантай кинон дээр том дурантай снайперүүд дурандаа шилэн трико угласан байх нь ч бий. Аргаа барж амьдралаас ургасан шийдэл. Оросын байлдааны ПСО дуран хэдий жижиг /24мм/ обьективтэй ч, өөрөөсөө сүүдэрлэгч хоолойтой байдаг. Харин иргэний хэрэгцээний ПОСП дуран бол сүүдэрлэгчгүй, тэгэх ч шаардлагагүй обьектив нь цаана гүнзгий суусан бүтэцтэй байдаг. Ер нь заавал дайнд гэлтгүй, ангийн дуранд ч том обьективтой бол сүүдэрлэгч хийх хэрэгтэй. Амьтан дуран гялс хийхийг андахгүй. Зарим дурангийн обьектив дээр баахан үсэг тоотой, эргэдэг, давхар хоолой байдаг. Энийг доор тайлбарлана.

Sunshade-ийн төрлүүд

Хоолой /tube/

Улаан шугамаар тэмдэглэхчээн болсон хэсгийг тюб нэрлэхүй

         Дурангийн хоолойг тюб гээд бичээд явчуул арай цөөхөн үсэг балбахаар байна. Тюбны диаметрийн хэмжээг үндсэндээ 26 мм буюу 1 инчийх, 30 мм, 34 мм гэсэн хэдхээн хуваана. Ангийн дурангууд ихэнхдээ 1 инч тюбтэй. Нарийвтар гэсэн үг. Харин бай бууддаг, байлдаанд ашигладаг дуран болоод ирэхээрээ голдуу 30 мм тюбтэй. Холын буудлагад ашигладаг бүүр мундаг дурангууд бол 34 мм тюбтэй байхад, үнэхээр буунд дурласан, чөмөгтэй нөхдүүд л авч чадах агуу дурангууд 40 мм тюбтэй байх нь ч бий. Яагаад ингээд дурангийн үнэ өсөх тусам тюб бүдүүрээд байна?

           Энэ их учиртай.... нэгдүгээрт дурангийн гэрэл нэвтрэлт сайжирна. Хоёрдугаарт буюу хамгийн гол нь түррэтний явалт ихсэнэ. Түррэт тайлбарлах хэсэг дээр илүү ойлгомжтой явах байх. Товчхондоо тэр дурангаар их хол буудах боломжтой болно гэсэн үг. Тюб бүдүүрэх нь ингээд сайн юм байна.

         Харин юу нь муу вэ? Нэгдүгээрт таарах бөгж элбэг биш. Өргөн хэрэглээнд голдуу 26 мм, 30 мм-ийн бөгжнүүд л байдаг. 34-тэй, тэр тусмаа 40-тэй бөгжийг дуран үйлдвэрлэгч нь өөрөө л хийхгүй бол нөгөө жижиг бөгжнүүд шиг хэн бүхэн хийгээд байдаггүй. Элбэг биш гэдгийн бас нэг далд утга нь буу бүхэнд таарах бөгж байхгүй гэж хэлж болно. Бөгжөө голдуу picatinny rail /иржийсэн шугам хэлбэрийн давхар зам/ дээр суух хумстай хийдэг. Гэтэл CZ, Sako, Blaser, Merkel, Ruger гэх мэт өөр дээрээ дурангийн ховилтой буунууд байна. Тэдэнд таарахгүй. Бас picatinny rail-ээ дахин мөнгө төлж худалдаж авах зэрэг зовлонгууд байдаг нь бүдүүн тюбтэй дуранг хэн бүхэн аваад байх боломжийг багасгадаг юмаа.

     Харин Оросын ПОСП, ПСО дурангууд бол иймэрхүү тюбний проблем гарахгүй. Өөр доороосоо суурьтай учир. Тийм учраас дуран сонгох гээд элдэв юмыг нь харьцуулан толгой эргэж явахад “энэ ямар учиртай юм бэ?” гэсэн шаналгаа нэмэхгүй. Гэхдээ яг түррэтний хэсэг дээрээ үнэтэй дуран аятай их бүдүүн байдаг. Энэнд нь хууртчихгүйгээ мэдэхтэй байлгүй. Түррэтнийх нь резьбаны алхам хол байдаг учраас нээх олон эргүүлэлгүй эргэлт нь ханачдаг. Энэ дурангаар 500-аас цааш буудах гээд хэрэггүй гэж би бээр бусдад их зөвлөдөг тул тэгтлээ олон эргэсэнгүй гэж буруутгах юу байхав.

        Сайн дурангуудын тюб ихэвчлэн ганц цул хоолойноос бүрддэг бол, тааруухан дурангууд хоёр гурав салангид хоолойг угсарсан байдаг. Бат бөх талаасаа л юм даа. Ганц цул юм эвдрэх салах нь бага байх нь мэдээж. Дуран сонгохдоо анзаарах юмны л нэг.

Таталт /zoom/

       Дээр хэлсэн өгүүлбрээ копийдчий. Дурангийн талаар яриа өрнөх үед 3-9х40мм, 4-16х50мм, 6-24х50мм, эсвэл зүгээр л 3х24мм, 4х32мм, 10х42мм гэхчлэнгийн тоонууд хамгийн түрүүнд сонсогдоно. Үүний Х-ээс урагших хэсэг нь тэр дурангийн таталтын хэмжээг илэрхийлнээ.... 3-9х гэж байгаа бол буудах гэж буй байг чинь 3-9 дахин татаж ойртуулнаа гэсэн үг. Ангийн энгийн дурангууд бараг бүгд ийм хэмжээтэй.

         Хамгийн бага буюу 3 дахин таталт гэдэг нь 1000 метрийн цаана юм байна гэж үзвэл наашлуулаад 330 метрт байгаа мэт харагдуулна гэсэн үг. 3х-тэй дурангаар 1000 метр лүү харна ч гэж юу байхав. 300 метр лүү харлаа гэхэд, 100 метрт байгаа юм шиг л харагдуулах юм. Харин 9х дээр нь тавьчаад 1000 руу харъя. 111 метр лүү сүнгэнэтэл татаад ацрана. Тэгж давралгүй 300-д байгаа боохойг шагайхад, өөрөөс чинь 33 метрт зогсож байгаам шиг харагдуулах нээ.

        Хэд хүртэл, яаж татаад, ийм тоо гаргаад байгааг нь ойлгож ядах юмгүй л дээ. Тухайн зайгаа х-тээ хуваагаад ок. 1000 метр : 9х=111 метр. 300метр : 9х=33 метр гэх мэт. Зүгээр 2 нүдний дуран дээр ч ингээд л бодно. Ердөө толгой эргэх юмгүй.

       Тогтмол таталттай /4х, 6х, 10х гэх мэт/ дурангийн хувьд олон юманд толгой эргэхгүй амар байдаг. Хэцүү юм нь, бага таталттай бол холхон харах, нарийвчилж шагайх зэрэгт сохойчоод сайн харагддаггүй. Посп дурангаар цэхийтлээ шагайсан улс багцааг нь мэдэж байгаа биз. Тийм болоод тигр дээрээ дандайсан дуран тавьчихмаар санагдаад гүйж л байсан байлгүй. Одоо ч зарим нь тэгж л байгаа байх. Харин их таталттай мөртлөө тогтмол /жишээ нь 10х/ байвал, хөдөлгөөнгүй юм /жишээ нь бай/ буудахад л зүгээр болохоос, ан хийхэд хэцүү болж ирдэг. Шурдхийгээд гүйж өнгөрөх амьтныг дурандаа оруулахад ихээхэн ур чадвар шаардана. Хөөлгө, үргээлгийн юм буудахад ч бас л үгээ хэлнэ дээ.

        Ийм учраас хувьсах таталттай дуранг бараг бүгд хэрэглэдэг биз. Хурдан буудах юман дээрээ бага таталт дээр нь тавьчихна. Холхон зайны хөдөлгөөнгүй юмыг их таталт дээр нь тавьж байгаад гөвнө. Дажгүй шүү. Сайхан сонсогдож байна уу. Цаг дээрээ тулаад дуран сонгоход их олон хүн бурууг нь л сонгоцон байдаг юм даа.

Сүүлийн үед цаас цоолон цэц мэргэнээ гайхуулах хандлага газар авч байгаа учраас их олон хүн өөрийн мөнгө хүрч чадах хамгийн их таталтыг сонгодог болжээ. Тухайлбал, 20х-ээс дээш таталт сонирхоно. Гэтэл ийм их таталтыг дагаад бага таталтыг нь бас өндөр хийхээс аргагүй байдаг. Хамгийн багадаа 6х байх жишээний. Доошоо 2х таталттай, дээшээ 24х таталттай дурангуудыг баргийн компани хийж чаддаггүй. Хийх байлаа ч ийм дуран маш үнэтэй болдог. Ингээд доод таталт нь дээд таталтаа дагаад өгсцөн дурангаар бай буудахад янзтай ч, ан хийхэд амаргүй болоод ирдэг. Тэр тусмаа манайхан шиг үргээлэг, хөөлгө нь түлхүү хөгжсөн, амьтан нь гүйхээрээ явж байгаад буудуулдаг. Яахав, явгалдаг, амьтнаа хэвтэр дээр нь байхад сэмхэн очиж чаддаг анчдад 6х дуран огтоос проблем болж чадахгүй. Харин хагас бүтэн сайны машины анчид маань түүртэнээ түүртэнэ. Эртхэн өөрийгөө шударгаар хүлээн зөвшөөрчих.

         Сайн дуран зөвлөөч гэсэн хүмүүст миний хамгийн эхлээд хэлдэг дуран бол “Bushnell Elite Tactical DMR 3,5-21x50mm”. Жаахан үнэтэй. Харин таталтыг нь анзаараарай. 3,5-21х шүү дээ. Дажгүй бага таталт, дажгүй их таталттай. Угаасаа энэ дурангийн зориулалт нь DMR-Designated Marksman Rifle буюу хөдөлгөөнт, тогтмол бус зайн дахь байг буудах зориулалттай бууны дуран юм.

        Харин би өөртөө бол “Vortex PST 2,5-10x32mm” гэж дуран сонгосон.

Жаахан юмаа чааваас. хутга морь 2 жижигддэггүй гэдэг. Эр хүнд нэмэр болох юм жижигдэхгүй гэдэг утгаараа бол энэ ч бас жижигдэхгүйм байгаа юм.

          Үнэ боломжийн, би угаасаа 500 метрээс цааш юм буудахгүй. Авсаархан жижиг. 2,5х дээр нь багасгаж татаж байгаад хэрээсний улаан гэрлийг нь асаачихсан байхад бараг л коллиматор /цэгэн хараа гэцгээдэг/ шахуу үйлчилгээтэй эд. Гүйгүүл амьтныг зогсоох санаатай. 308 сумтай /өнөөх нь ядаж байхад ихэнхдээ ангийн сум олдоноо/ ангийн буу барьчихаад “1000-д шаачих юмсан” гэж нервтдэггүй тул дээд таталт 10х-ийг нь голоогүй хэрэг. Наддаа л нархамба, нанжин чавга.

FFP & SFP

            Заа, таталтыг дагаад нэг ийм сүрхий ойлголт гарч ирнээ... Таталтыг ихэсгэж багасгадаг механизм нь тюбний хойд хэсгийн дотор талд давхар хоолой байдалтай байрладаг. Энэ хоолойг зүүм гээд нэрлээд явчий. Уг нь Zoom Tube Erector гэж нэртэй. Энийг чинь...... гээд шүлсээ үсчүүлээд байваа. Юу гэж нэрлэдэг нь бидэнд ямар ч падгүй, юу байдгийг нь мэдээд өнгөрөхөд л хангалттай.

Иймэрхүү царайтай эд тюб дотор байрлан эргэлдэж таталтыг ихэсгэж багасган өөрчилдөг ажээ.

Зүүм маань тюб дотор иймэрхүү байрлалтай байх ба хэрээс 1 гэсэн хэсэг бэхлэгдсэн бол FFP. харин 2 гэсэн хэсэгт байвал SFP хэрээстэй гэх нь байна.

          Харин энэ зүүмний хаана нь хэрээс байрлаж байгаагаас маш их юм хамаарнаа. Хэрэв урд хэсэгт нь хэрээс байрлавал ийм дуранг ffp- first focal plane хэрээстэй дуран гэж хэлнэ. Энэ яадаг юм гэхээр, таталт ихсэж багасахаар дагаад хэрээс нь жижгэрч, томордог юм. Энэ ямар хэрэгтэйг удахгүй бичнэ. First-ийг нь front гэх нь ч бий. Харин sfp-second focal plane гэвэл хэрээс нь зүүмнийхээ хойно байрлалтай гэсэн үг. Ингэхээр таталт ихэсгэж багасгах нь хэрээсэнд ямар ч нөлөөгүй. Яаж харагдаж байна яг тэр хэвээрээ л байна. Энэ ffp, sfp ойлголтууд нь зүүмтэй холбогдож байгаа учраас тогтмол таталттай дурангийн хувьд ffp, sfp гэх юм юу ч яригдахгүй, байхгүй гэсэн үг.

     Гадуур хамгийн их хэрэглэгддэг нь sfp байрлалтай хэрээс. Одоо дурангийнхаа таталтыг нааш нь цааш нь болгоод үз. Хэрээс чинь жижгэрч томрохгүй, зөвхөн харагдаж байгаа зүйлс /амьтан, бай гэх мэт/ нь л жижгэрч томорч байгаа. Ийм sfp хэрээсний дутагдалтай тал нь хэрээсэн дээр байдаг элдэв зураас хэмжээс, тоо нь таталт бүрд өөр өөр хэмжээтэй болдог явдал.

          Ангийн энгийн + хэрээстэй дурангийн хувьд sfp байна уу, ffp байна уу ямар ч ялгаагүй. Хэрээсээрээ юм хэмжихгүй учир. Харин баллистик хэрээс гэдэг тодорхой зай бүрд сум хэдий хэр унах вэ гэдгийг нь зааж өгдөг дурангийн хувьд sfp байвал дурантайгаа нэлээн удаан хугацаанд дасах, суралцах хэрэг гардаг. Гадуур голдуу Nikon брэндийн дурангуудад BDC-Bullet Drop Compensator /сумны уналт заагч гэчихэе байз/ гэсэн нэртэй баллистик хэрээснүүд байдаг.

               Надад “Burris Fullfield E1 3-9x40mm“ гэж дуран байваа.

        Хэрээс нь баллистик уналттай. 150 грайнтэй 308 win сумаар хамгийн дээд цэгээ 100 ярдад /91.4 метр/ тэглээд буудвал доодох цэг нь 200 ярд, тэрний доорх нь 300 ярд гэхчлэн сум яг тусдаг эд. Баллистик хэрээсний давуу тал нь хурдан буудах үед “заа байз хэрээсээ хэр өргөх билээ” гэж эргүүтдэггүй. Амьтан 200-аад метрт байвал 2 дох цэг дээр нь буудна. 300 орчим метрт байвал 3 дахь цэг дээр нь буудна. Харааны бяд, оюуны бяд хоёрыг их хөнгөвчилдөг эд. Гэхдээ зөвхөн ангийн хэрэглээнд гэдгийг онцгойлон анхаарна уу!!! Учир нь энэ бол нарийвчлал биш, бүдүүн тоймоор шагайлтаа тааруулж байгаа хэрэг гэдгийг шууд ойлгож байгаа байх.

         Одоо эндээс нэг сонин юм гарах гээд байнаа даа. Гэтэл!!! бай томорч жижгэрээд хэрээс чинь дагаж томорч жижгэрэхгүй байгаа шд? Тэгэхээр 100-д тааруулсан гол цэг нь зөв онож болдог юм байж, харин доодох цэгүүдийн чинь тусгал зөрий шүү дээ гэх гэж байна уу. Тиймээ яг зөв өө. Тэгдэг. Үүнд л sfp хэрээсний гол дутагдал оршдог. Бас доодох цэгүүдийн тусгал ямар таталт дээрээ яг үнэн зөв байна гэж мэдэх вэ? гэж асуугаач.

       Заа, адуучин багаас хариулъяа. Бараг бүх sfp хэрээстэй дурангууд хамгийн их таталт дээрээ хэрээсний зураас хэмжээсүүд үнэн зөв байхаар үйлдвэрлэдэг юмаа. Ахиад өнөө буррис дээрээ жишээлий. 3-9х таталттай гэсэн. Тиймээс 9х дээр нь таталтаа тавиад буудахад дээр хэлсэнчлэн 100, 200 300 дээрээ сум яг туснаа. Гэснээс, хэрэв энэ дурангаар 308-аас өөр сумаар /ака, винтов, халиавар, 7х64 гэх мэт/ буудвал хэдий эхний цэгийг 100-д тааруулсан ч, доодуул нь яг 200, 300 дээрээ тусаад байхгүй гэдгийг эрх биш хэлүүлэлтгүй байлгүй дээ тийм үү? Хэлүүлэх гээд байвал сум бүрийн нисэлтийн траектори /таяг тойруу буюу даялал/ өөр гээд амыг нь таглалаа.

           Анзаарсан бол би сая “бараг бүх дурангийн sfp хэрээсний” гэж нэрлэсэн байгаа. Өөрөөр хэлбэл, их таталт дээрээ биш, дунд таталт дээрээ хэрээсний хэмжээс нь зөв байдаг sfp дурангууд мэр сэр байдаг гэдийг хэлэх гээд байна. Ийм дурангуудад үйлдвэрийн заавар номон дээр нь бичээд өгсөн байдаг. Бас таталт өөрчилдөг арзгар кольцо дээр нь ч аль таталт дээрээ тавих ёстойг нь тодруулаад тэмдэглээд өгсөн байдаг. Тийм дуран элбэггүй болохоор ингээд алгасъя.

         Заа, бас sfp боловч баллистик хэрээсгүй дурангууд хар мянга 999. Сүүлд миний эвддэг, яагаад эвдснээ бичсэн бичвэрийг уншсан хүн бол мэдэх “Redfield Battlezone 6-18x44mm” гэж дуран TAC-MOA хэрээстэй. Хэрээсний зураас бүрийн хооронд 1 моа хэмжээстэй гэсэн үг. Зөв ашиглаж чадсан сан бол их сайхан дуран байсан сан. 18х дээр нь тавьж байгаад 100 ярд зайд шагайхад 2 зураасны хооронд яг 1 инч байж байна лээ. /МОА гэж юу вэ? гэсэн бичвэрийг маань уншсан гэж найдлаа./

       Ийм байгаа нь юу нь сайхан байгаа юм? гэж гайхаж байвал энүүгээр чинь зай хэмжээд байдаг юмаа гэж хариулъяа. Дурангийн хэрээсээр зай олдог томьёо бараг 100 жил болж байгаа байх шүү. Дуран яаж хэрэглэх сэдэвтэй юм бичвэл тэндээ дэлгэрүүлж тайлбарлая. Энд арай ихдэх байх. Байны бодит хэмжээг 1000-аар үржүүлээд, хэрээснийхээ зурааснууд хоорондох хэмжээнд хуваахаар бай хүртэлх зай гарч ирдэг гээд орхичихъё. Сэжүүр болог. Байны бодит хэмжээг яг мэдэхгүй, дүрсээ хэрээсээрээ зөв хэмжихэд хэцүү гэх мэт шалтгаанаас болоод энэ аргаар зайг зөв тодорхойлох нь ярвигтай. Оросын ПОСП дуран бол бууддаг хэрээснийхээ доор, ташуу зурааснуудтай тусдаа хэмжүүрээр зайгаа тодорхойлдог.

    1 метрийн өндөртэй бай 1 гэсэн тооны харалдаа босоо шугамд багтаж байвал бай чамаас 100 метрийн зайд байна. харин 2 гэсэн тооны тэнд бол 200 метр гэх мэтээр 400 метр хүртэлх зайг их ойлгомжтой аргаар хэмжих нь. нээрээ, үнэн зөв хэмждэг эсэхийг нь ёстой шалгаж байгаагүй юм байна шүү

    Ингээд таталтаа дагадаггүйгээс болоод sfp хэрээстэй дурангууд нэр муутай байдаг ба бас үнэ ч муутай байдаг. Хүн авдаггүй болохоор нь үнийг нь багасгасан хэрэг бус, харьцангуй энгийн технологиор үйлдвэрлэгддэг учраас л үнэ багатай байдаг хэрэг л дээ.

           Гэтэл sfp хэрээстэй мөртлөө бузар үнэтэй дурангууд энд тэнд гэнэт таарч цус харвуулах дөхнө. Яагаад ингэсэн юм бэ гэхээр буудлага спортод “F class” гэж ангиллын тэмцээн байнаа. Ширээ сандал дээр хэвтэж сууж байгаад бууддаг, хөдөлгөөнгүй зоосон байтай, бай хүртэлх зай нь яс тодорхой ийм нэг тэмцээн байна. Оролцогчид юуны төлөө тэмүүлдэг вэ? гэхээр нэг нүхээр бүх сумаа багтаахыг хичээмүй. Манайд ийм тэмцээний зориулалттай “Savage FTR” гэж буу хэд хэд орж ирсэн байдаг. Чилийсэн урт гол төмөртэй, нүсэр хүнд жинтэй, халиавар шиг ганцхан сум ордог. Ан хийхэд авьяас, бяр шаарддаг тийм агуу буу. Тэрийг бариад бай буудах тэмцээнд орвол эхний 3 байрнаас яагаад ч мултрахгүй. Шивээд хаячих на. Найгүй цэцэн. Ийм тэмцээнд sfp хэрээстэй дуран л ашигладаг. Яагаад гэвэл хэрээсэнд ямар нэг хөдөлгөөн ордоггүй учир хэрээсний алдаа, гажиг согог байдаггүй. Хэрээсний хөдөлгөөн гэхээр хужаа дурангийн доргио хавьцааны юм бодуузай, апельсинаас шаал өөр юм ярьж байна шүү. Бас хэрээс нь хамгийн хямд хужаа дуран шиг энгийн + буюу ямар нэг зураас хэмжээсгүй чагталсан хэлбэрийн нарийн утсан хэрээстэй. Ийм дуранд мэдээж түррэтийг нь байж болох хамгийн сайнаар хийнэ.

            Sfp-г ингээд тайлбарлаад ирэхээр ffp нь дажгүй сайхан ойлгогдож байгааз. FFP-ийн давуу тал нь зай хэмжиж болно, бас бай жижигрэхэд хэрээс дагаад нарийсч жижгэрэх учир буудах цэгээ хаахгүй. Ингэхээр маш нарийвчлалтай мэргэн цэцэн буудаж болдог гээд олон сайхан тал байнаа. Дутагдал нь хэрээс нарийсчихаар шөнө орой гэрэл муу үед хэрээс харагдахгүй тал бас гарна. Ийм учраас би хэрээс нь асдаг дуран авсан хэрэг.

             Хэрээсээ томруулах гээд таталтаа ихэсгэчихээр гэрэлтүүлж байгаа амьтнаа дурандаа оруулахад төвөг гарч ирнээ бас. Онолын ном бичих гэж байгаа биш, амьдрал дээр яадгаа бичиж байгааг маань ойлгоно биз. Уг нь хуулиндаа гэрэлтүүлж ан хийхийг хориглодог гэдгийг бас завсраар нь хавчуулаад явъя.

             Олон сайхан талтай ffp хэрээс маань олон хүнд байдаггүйн учир нь ийм дуран үнэтэй болоод байдаг. Ив ижилхэн хүчин чадалтай, үзүүлэлттэй 2 дурангийн нэг нь ffp байвал ойролцоогоор 300 орчим доллар нэмүү үнэтэй болдог. Гайгүй нэг дурангийн үнэ.

              Гэхдээ ffp хэрээстэй дуран хэрэглээд үзсэн хүн sfp дуран луу яав ч буудаггүй гэхээр ер нь олон юмыг тайлбарлаад харуулчихаж байгаа юм. Мэдээж ffp дуран харьцангуй үнэтэй байдгийнхаа хэрээр түррэт явалт нтр нь ч бас түг яг гээд их сайн тохиргоотой. Сайныг дагавал сарны гэрэл гэх юмуу даа. Бас сайны хажуугаар саар гэсэн үг ч байдаг. Хямдхан тааруу дурангууд заримдаа ffp байх нь бий. Хэрээсний зураас хэмжээсүүд болон түррэт тохиргоо нь яг таг үнэн зөв байж чадахгүй учраас л хямдхан, хэнд ч тоогдохгүй үнээ буулгаад хэвтэж байдаг биз. FFP-д нь хууртаваа!!

Эргүүлдэг тохиргоо /parallax/​

           Дээр баахан түррэт гэчихсэн үү? Тэгснээ хаалтанд параллакс. Одоохон тайлбарлая. Эргүүлдэг тохиргоо гэж уг нь түррэтээ тайлбарлах ёстой. Гэхдээ одоо бол түррэтүүдээс гадна бас нэг эргүүлдэг тохиргоог тайлбарлах гэж байна.

            Дуранд параллакс алдаа гэсэн нэг ойлголт байнаа. Буугаа хөдөлгөөнгүй байрлуулаад, /чадах бол зүгээр мөрлөөд ч хамаагүй/ хэрээсээ байн дээрээ аваачиж байгаад толгойгоо /хараагаа гэсэн үг лдээ/ ийш тийш нь хөдөлгөөд үз. Тэгэхэд буу хөдлөөгүй мөртлөө хэрээс байнаас шилжиж өөр газарт таарах үзэгдлийг параллакс алдаа гэнэ.

Youtube-ээс параллаксын талаар видео бичлэгүүд олж үзвэл арай ойлгомжтой байх

      Нэг сайхан өдөр хээр гарч буугаа нам таарууллаа.... тэрнээс хойш огт буудаагүй, оролдоогүй, унагаагүй байж байгаад хэд хоногийн дараа амьтан буудсан чинь сум сураггүй зөрөөд алга болох тохиолдол нэг бус удаа таарч байв уу? Олон шалтгаан байж болох ч, үүний нэг шалтгаан нь параллакс алдаа байх бүрэн боломжтой. Буугаа тааруулж байсан үеэсээ арай өөрөөр мөрлөж шагайснаас болж хэрээс өөр газарт таарсан байх.

           Ингэж уншингуутаа буугаа аваад шалгаж үзэх гэж байна уу, тэгвэл түр хүлээ. Ангийн дурангуудын хувьд 100 орчим /яг 100 биш, наашаа цаашаа хэдхээн метрийн зөрүүтэй/ метрийн зайд параллакс алдааг нь тэглэж тохируулсан байдаг. Өөрөөр хэлбэл, 100 орчим метрийн зайд буудахад энд хэлсэн шиг параллакс алдаа огт гарахгүй гэсэн үг. Тийм учраас 100-д тавьсан байг алдаагүй оноод байдаг мөртлөө 150-иас цааш 200, 300 метр нтр болоод ирэхээр заримдаа оноод заримдаа онохгүй элийрээд байдгийн учир нь тэр.

           Энэ алдааг засах гэж дуран үйлдвэрлэгчид 3 янзын арга зам сонгодогийн нэг нь энд хэлсэн шууд тэглэх арга. Гэхдээ энэ явц муутайг ойлгосон байх. Үйлдвэрээс тэглэсэн зайд алдаагүй буудах ч, өөр хол ойр зайд алдаа гарах нь. ПОСП дуран, түррэтээс өөр эргүүлэх тохиргоогүй ангийн дурангууд ийм байдаг аа. Аварга үнэтэй мөртлөө параллакс засагчгүй ангийн дурангууд ч байдаг. Өөр ямар нэг юмнаас болоод л тийм үнэтэй байх л даа.

         Дараагийнх нь урд обьектив дээр үсэг тоотой давхар хоолой эргүүлэх байдлаар параллакс алдааг засагч хийх. Ийм хийцтэйг “Adjustable Objective” гэдэг юм шүү. Ийм параллакс засагч нь давхар фокус тааруулах үүрэгтэйгээр хийдгээс болж олон хүн үүнийг хичнээн чухал эд болохыг нь мэддэггүй. Өө, фокус л тааруулдаг юм шдээ гээд л тэгсэн ингэсэн болж оролдчихоод л буудаад байдаг. Фокустай холбож өгсний давуу тал нь зай хэмжигч байхгүй үед фокус таарсан үед параллакс засагдсан байдаг. Хэрэв бай хүртэлх зайгаа тодорхой мэдэж байхад заавал фокус тааруулахаар эргүүлэх биш, шууд харгалзах тоон дээр нь эргүүлээд тавьчихад фокус ч, параллакс ч засагдсан байна. Энэ тоонууд нь ярдаар бичигдсэн байдаг. Голдуу 25-аас 500 ярд хүртэл, түүнээс цааш хязгааргүй /хэвтээ наймын тоо хэлбэрийн тэмдэгт/ гэсэн тэмдэглэгээтэй байдаг.

Redfield Battlezone 6-18x44mm. улаанаар Adjustable Objective-ийг заав

          “Redfield Battlezone 6-18x44mm” дуран дээр 100 ярдаас 1000 хүртэл, түүнээс цааш хязгааргүйн тэмдэгтэй байсан. Ийм Adjustable Objective хийцтэй алдаа засагчийн төвөгтэй тал нь буудагч урагш сунаж тохиргоогоо эргүүлэх. Мөч богинотой, зузаан хувцастай хүн түнтэгнээл хэвтэнэ. Зай хэмжигч байхгүй бол тэгээд хэзээ фокус таарна, тэр болтол байн байн буудчихаад л урагш аахилаад л зүтгээд байна. Бас нэг онцгүй нь дурангийн сөхдөг таглаа хийхэд хүндрэлтэй.

           Эцэст нь хамгийн өргөн дэлгэр хийгддэг, хажуугийн байрлал дахь алдаа засагч. Хөндлөн чиглэл тааруулдаг түррэтийн эсрэг талд бас нэг эргүүлгэн тохиргоо байдаг. 50, 100, 200, 300... гэх мэт тоотой.

        Хамгийн хялбар, зөв технологи. Гарт маш эвтэйхэн. Нүдээ салгахгүй эргүүлэн хэвтэх боломжтой учраас Adjustable Objective хийцийг бодвол илүү амар тааруулдаг. Тийм ч учраас сайн дурангууд бүгд ингэж хийдэг ажээ. Муу дурангууд ч бас ингэж дууриаж хийдэг л дээ. Зөв зааж байгаа эсэх нь л асуудалтай. Хажуугийн засагчийг яг таг ашиглахад зай хэмжигч шаардахыг нь сул тал гэх үү яах уу? Зай хэмжигч тоодоггүй бүдүүн ширхэгтэй буудагчид бол угаасаа энэ алдаа засагчийн ч хэрэг байхгүй лдээ. Тэгэхээр муу тал олдохгүй л байгаам.

         Бүгд иймэрхүү нэг стандартын шахуу юм хийж суухад ганц нэг хөндлөн гарууд бас мэр сэр бий. “SWFA SS 10x42mm” гэж жир бус дуран байнаа.

Улаан сум руу хараарай. энэ брэндийн дурангуудад энгийн хийц, загвартай дурангууд зөндөө байдаг ч, энэ загвар нь гэж нэг ийм сонин юм байна.

    SS гэдэг нь наци утгатай биш, супер снайпер гэсэн бүүр лаг утгатай юм гэсэн шүү. Тогтмол таталттай. 10х учраас бай буудахад л эвтэй байх, анд бол эвгүй. Бусад дурангуудын таталтаа ихэсгэж багасгадаг тохиргооны байрлалд энэ дурангийн параллакс засагч нь байдаг. Мэдэхгүй хүний толгой эргэм. Мушгиад л байдаг.... таталт нь ердөө өөрчлөгдөхгүй. Гэснээс, SWFA SS-ийн хувьсах таталттай дурангууд олон байдаг ч, манайд тогтмол 10х-тэй дурангууд нь л ганц нэг харагдаад байна лээ. Нэг иймийг Remington-700 LTR буун дээр тавьсан байсныг шагайж үзсэн. Дажгүй эд санагдсан. Гонгний анчинд бол гоё эд. Үнэ ч боломжийн. Гэхдээ гаднаа үстэй, голдоо цустай, гүйгүүл юманд хэцүү гэдгийг нь мартуузай.

       Өөр нэг хөндлөн сэтгэгч хүнд гар бол бидний сайн мэдэх нарийн наймын ориг дуран. Сумны хийсэлтээ тохируулагч нь сууриныхаа тэнд жижкээн боолтууд байх ба харин дээрээ байрлалтай хоёр цувраа тохируулгын урдах нь сумны уналтаа тааруулдаг бол, хойдох нь параллаксаа засдаг тохиргоо юмаа. Балар эртний дуранд хүртэл энэ тохируулгыг марталгүй хийж өгсөн гэхээр параллакс алдаа засах үйл хэрэг нь тунчиг чухал эд байгаа биз. Харин манайхан энэ тохиргооны үүрэг зориулалтын талаар хэр мэдэх бол? Буудлагын талаар нэлээн мундаг мэдлэг хуримтлуулсан гэж нийтэд харагдаад байдаг хэд хэдэн хүн үүнийг “зүгээр л фокус тааруулагч, тэрийг оролдоод юү хийх вээ” гээд сургаж суухыг харж л байлаа.

Эргүүлдэг тохиргоо /turret/

            Тэнэж явсаар одоо л түррэт дээрээ ирж байна даа. Түррэтийн талаар бичихэд ашиглалт тал руу нь үндсэндээ бичих учир өөр сэдэв дээр бичсэн нь дээр байх. Тэгээд ч, дуран ашиглахад түррэтээ мэдэхгүй бол өөр юуг нь ашиглаж байна гэхэв.

         Тийм болохоор ерөнхий байдлаар, дээдэх нь сумны уналтыг тааруулдаг, хажуугийнх нь сумны хийсэлтийг тааруулдаг гээд жаахан бураадахъя. Түррэт нь МОА болон МРАД гэсэн 2 үндсэн хэмжигдэхүүнтэй. Ангийн дурангийн түррэтүүд далд, таглаатай байдаг бол тактикал гэх арай нэг мэргэн цэцэн буудлага шаарддаг буудлагын дурангууд эргүүлэхэд амар ил түррэттэй байна.

         Түррэтээ эргүүлүүлдэггүй, хэрээсээ баримжаагаар өргөн тааруулах ангийн дурангаар мэргэн цэцэн буудахад маш их аз хийморь, авъяас, дадлага гээд бараг урлагийн мэдрэмжээс бусдыг шаарданаа.... Харин хаа очиж монгол эрчүүд маань баримжаагаараа ганцхан дангинуулж хаячаал олзныхоо хажууд хөлсөө арчин хэнэггүй зогсохыг нь харваас бахдам... Ингээд зогсдог нь ховор учраас бахдаж байгаам, тэрнээс тэнэг хүнийг хошгоруулах гээгүй.

      Ил түррэттэй дуранг анд үүрэхэд жаахан онцгүй, анзааргагүй байхад эргэцэн нтр юм их тохиолдоно. Тэгээд сандраад түррэтээ анзааралгүй буудах үед сум тэнээд алга болно. Посп дурантай хүмүүст ийм юм их тохиолддог учир өөрөө гар хийцийн таглаа нтр хийх маягаар аргалах гэдэг. Зарим нь ч зүгээр цахилгааны лентээр бамбайтал битүү орооцон байдаг лдаа. Юун тэр түррэт эргүүлж клик тооцон буудах нтр....

           Сайн дурангууд бол ил түррэттэй ч, өнөөх нь түгжигддэг хийц бүтэцтэй байдаг. Жишээ нь, дээр хэлсэн “Bushnell Elite Tactical DMR 3,5-21x50mm”.

Түррэтээ дээш нь татаад, эргүүлж нтр баахан гангарчаад буцаагаад доош нь дарчихна. Нам түгжигдээд хаашаа ч эргэхгүй. Ай мөн сайхан эд дээ. Анх барьж үзэж байгаа хүнд жаахан сонин. Өөрийн эрхгүй л “ёстой данагар эд юмаа” гэж дуу алдана. Бандайсан том эд л дээ. Сурчихвал гарт барьцтай сайхан эд. Анх энэ дуранг харчаад шунаад л явдаг байлаа. Нэг найз маань “сайн дуран санал болгооч” гэхээр нь энийг зааж өгөв өө. Гэхдээ мань эр авсангүй өөр дуран аваад л өнгөрлөө.

           Дараа нь дахиад нэг дуран авах үеэрээ энийг санаад, тэгээд авч.

          Дараа нь надад “анх чамайг бүшнээл аваач гэхээр нь заа надад бүшнээл санал болгоод арай чдээ гэж бодож билээ. Нарантуул захын үүдээр байдаг 30 мянгын бүшнээлээс өөр бүшнээл мэдэхгүй болохоор. Тэгсэн энэ үнэхээр нүд нээж байна. Дэндүү эд юмаа. Баярлалаа” гэж билээ. Одоо харин тэрнээс хойш овоо хэдэн ДМР манайд ороод ирсэн байна лээ.

       Зарим нэг сайн дурангуудад бас дээдэх нь ил, хажуудах нь далд тагтай гэсэн эрлийз хийц байна. Жишээ дурдвал “Vortex Viper HS LR 4-16x50mm” гэж дуран байна.

     Товчилсон үсгүүдийг нь задлавал цэвэр тактикийн биш, ангийн хэрэглээнд ч давхар зориулагдсан гэсэн утгыг агуулдаг. Хажуу түррэт нь тагтай болохоор санаандгүй эргэчинэ нтр гэж айхгүй байж болно. Ер нь их дажгүй эд. Мэдээж сумны уналт анхан шатны асуудал тул ил түррэттэй байгаа нь хэрэглээнд тун эвтэйхэн гэх мэт.....

Наад талын түррэт нь таглаатай байгаа биз, сайхан эд дээ.

         Түррэтийн яв цав алдаагүй явалт гэдгийг энд тайлбарлахад арай их юм. Дараа дараагийн бичлэгүүдэд бага сагаар тодорхой болох байхаа. Жишээ нь сайн дурантай болъё гээд хайж байгаа хүн түррэт нь хэдэн МОА /эсвэл МРАД/ эргэдэг вэ? гээд л хайх ёстой. Гэтэл яагаад энэ тийм чухал юм? Мэдээж хол буудахад хэрэгтэй. Тэгвэл хэд эргэдэг байх ёстой? Олон эргэхийн тулд тюб аль болох бүдүүн байх нь зүй. Тэгвэл тюб бүдүүн байх тусмаа сайн уу? Дуран үнэтэй болчихно шдээ. Тийм бол 30 мм тюбтэй мөртлөө ижил тюбтэй дурангуудаас хамгийн олон МОА эргэлттэй дуран нь аль вэ? Нтр гээд бүүр нарийвчлаад явчих учраас төвөгшөөгөөд байгаа хэрэг юм.

Арын шил /окуляр линз, exit pupil, eyepiece/

         Нээх олон нэртэй хэсгүүд нэг дор байрладаг ч, бидэнд бол арын шил гэхэд л болчих хэсэг. Хүний нүдэнд хол ойрын хараа муудах гэсэн ойлголт бий. Зарим нь бүр төрөлхийн хараа муу байх нь ч бий. Тэр ч байтугай нэг хүний хоёр нүд хоёр өөр янзаар муудах нь ч хэвийн үзэгдэл. Хир зэрэг муудсныг нь хэмждэг тоог зөндөө л сонсоо байлгүй. “Мань чинь хасах 75-тай. Өө цаа чинь нүд гэж няаат амьтан, хасах 4-тэй шд. Нас ахиад нүд мууджээ, нэмэх нэг 75-тай болчиж” гэх мэт үг их олон сонссон биз. Хараа муутай хүн буу үүрч болох уу? Дуран хэрэглэж болох уу? Болноо болно. Бүгдийг нь чөлөөтэй хэрэглэж болно. Ингэхийн тулд окуляраа өөртөө тааруулчихад л хангалттай. Яаж тааруулахав гэхээр, цаа дуранд чинь 2 янзын хийц бүтэц байгаа. Нэг нь байнга сул эргэдэг. Нөгөөх нь үхтэл нам чангалдаг.

     Нам чангалдаг хийцийн хувьд бидний сайн мэдэх жишээ нь оросын “Вомз пилад 4х32мм”, америкийн “Leupold VX-1 3-9x40mm” гэсэн дурангууд байна.

Улаанаар окулярын хоолойг тойруулав.

     Энэ дурангуудын окуляр линз суудаг хоолой бүхэлдээ эргэдэг. Урагшаа хойшоо болдог. Энэ хоолойн урд талд хоолойгоо хөдөлгөөнгүй болгож чангалах үүрэг бүхий резбатай кольцо байдаг. Тэр кольцог нь суллаж байгаад хоолойгоо эргүүлээд нааш цааш нь болгоод үз. Өдрийн цагаар /гэрэл сайтай үед арай хялбар байдаг гэдэг утгаар/ энэ хоолойг эргүүлээд хэрээсээ харахад тодорч бүдгэрч, томорч жижгэрч харагдана. Хэрээс тодрох тусмаа жижгэрнэ, бас цаад харагдах дүрс ч хэрээстэй яг адилхан томорч багасч, тодорч бүдгэрнэ. Энийг өөрийн нүдэндээ тааруулах гэдэг нь, эргүүлсээр байгаад хэрээс хамгийн том хэмжээндээ боловч фокусаа алдаагүй тод харагдах үеийг өөрийн чинь нүдэнд таарсан байдал гэж үзнэ. Хоолойгоо энэ байрлал дээр нь хөдөлгөөнгүй барьж байгаад чангалагч кольцогоор нь шахаж боогоод нам зууруулж авна. Вооо, ингээд дурангаа өөрийн хараандаа тааруулаад авлаа шүү дээ. Хэзээгүй л таг сохорчоогүй бол энэ мэтээр өөрийн хараандаа дурангаа тааруулаад л, дажгүй сайхан гөрөөлөөд гүйгээд байж болно.

         Ийм бүтэц ихэвчлэн хямд дурангуудад ашиглагддаг эртний технологи. Бас ийм учраас, ийм дуранг муу миа гэж хэлж болохгүй. Хялбар энгийн технологи учир үйлдвэрлэх зардал хямд. Тэгээд л уг дуран нь хямд болчихож байгаа юм. Тэрнээс муу дуран учраас хямд байгаа хэрэг биш.

Нөгөө сул эргэдэг хийцтэй дурангийн хувьд. Окулярын хоолой нь эргэхгүй, харин яг окуляр линз суусан цагариг нь эргэдэг. Цагариг гэхэд ч хаашаа, хоолой доторх давхар хоолой л доо. Exit pupil, eyepiece гээд янз янзаар нэрлээд байгаа хэсэг. Яг алийг нь юу гэж нэрлэдгийг сонирхоод болохгүй байвал өөрсдөө мэдээлэл хайгаарай. Багцаа авахуулж чиглүүлэх гээд л ингэсгэж нэр ус дурдаад өнгөрлөө.

        Ийм ихэнх дуранд окулярын хоолойн хойд ирмэг дээр “+0-” гэсэн бяцхаан тэмдэглэгээ бий. Харин та нар дурангийнхаа eyepiece-ийг + чиглэл рүү буюу цагийн зүүний эсрэг чиглэлд аятайхаан эргүүлээд үз. Жижкээн цагаан цэг гараад ирэх вий. Тэрийг 0-той харалдаалуулаад тавь. Тэгээд шагайхад хэрээс нь дажгүй том, дүрс ч бас фокус алдаагүй тод байна уу. Тэгвэл таны нүд эрүүл, харааны өөрчлөлтгүй байнаа гэсэн үг баяр хүргэе. Харин 0 дээр цэгээ таруулчаад байхад хэрээс дүрс хоёр сайн харагдаж өгөхгүй байвал аль аль нь тодортол eyepiece-ээ эргүүл. Нэмэх хасах аль тал руугаа харааны өөрчлөлттэй байна, тэр хүн тэр зүг рүү нь эргүүлээд өөрийнхөө нүдэнд таарсан байрлал дээр нь үзүүртэй юмаар зурж бариад тэмдэглэчинэ биз. Маш олон хүн энийг цааш нь тултал чангалаад хаачихсан харагддаг. Буруу байх нь байна шүү.

0 цэгийн харалдаа гарч ирсэн цагаан цэгийг яриад байна л даа

       Ерөнхийдөө иймэрхүү ажиллагааны зарчимтай л эд.

      Одоо энэ бүгдээс жаахан ч гэсэн багцаа авч байна уу? Арын эргээд байгаа тохиргоо бол жинхэнээсээ фокус тааруулагч, харин урд талын линз эргүүлэгч болон хажуугийн хэрээс хөдөлдөггүй түррэт хоёр бол фокус тааруулагч биш, параллакс засагч юм байнаа гэдгийг........

 

   Арын фокус тааруулагч энэ тохиргоог зөв тааруулаагүй тохиолдолд таны дурангийн параллакс засагч зөв ажиллахгүй нээ гэдгийг ч бас ойлгож байна уу? Параллакс засагдаагүй бол хэрээс өөр газар тэнэж яваад, та юм онохгүй нээ гэдгийг ч бас ойлгосон уу? Юм учиртай сум гичиртэй гэж монголчууд маш оновчтой тодорхойлсон байдаг. Баруунд бол “butterfly effect” эрвээхэйн нөлөө гэдэг онол бий. Ганц муу эрвээхэйн дэвэлтээс үүссэн салхи явсаар Номхон далайн шуурга үүсгэх боломжтой гэсэн утгатай.

      Мэргэжлийн хүмүүст зориулагдсан, мэргэжлийн дуранд харин энэ eyepiece-ний цагаан цэг байдаггүй. Буудагч нь өөрийнхөө нүдэнд өөрөө яаж тааруулахыг мэдэх учраас үйлдвэрлэгч яахыг нь зааж нтр онигоо болохоос ичдэг байх.

          Тэгж яривал оросын ПСО дурангаас эхлэлтэй ПОСП нтр-д бол ийм эргүүлээд байхаар eyepiece оогт байхгүй. Мэргэн буудагчаар дандаа эрүүл хараатай хүн сонгож авдаг байсны үлдэгдэл илэрц байх л даа. Энүүгээр харж чадвал чад, чадахгүй бол чацга царайлаад таван сумаараа тэнгэр нүхлээд сууж бай гэж байгаа юм.

Хэрээс /reticle/

         За энэн дээр ёстой олон юм яриад яахав. Эзний сонголт мэднэ. Нүд эрээлжлүүлсэн нээх олон элдэв янзын зураас хэмжээсгүй байхад л тас. Мэдээж цулгуй чагтан + хэрээс арай нүцгэн санагдана. МОА, МРАД-аа зөв хэмжчих хэдэн зураастай байх нь гол шаардлага. Салхи нтр хүртэл тооцдог, ёолкны мод шиг хачин сонин хэрээснүүд ч зөндөө. Сонирхоод байвал оролдоод үзэхэд буруу нь ч юу байхав.

       Дурангийн таг. Дурангаа нүдний цөцгий мэт хамгаалдаг хүмүүст таг хэрэглэх сайн гэж тэнэг юм бичиж уурыг нь хүргээд яахав.

        Эцэст нь төгсгөл болгоод хэлэхэд, юмны үнэ олон юмыг илэрхийлдэг ч, сайн гэхээрээ л заавал өндөр үнэтэй байх албагүй шүү. Сайн дуран гэдэг бол өчигдөр оносныгоо өнөөдөр оночихдог. Маргааш ч оночихоно гэдэгт нь чи итгэлтэй байдаг дуранг л хэлдэг юм. Тэрнээс, үнэтэй дуранг сайн гэдэггүй.

Харуул хамгаалалт, байгууллага, ангийн буу, галт зэвсэг эзэмшигчдэд зориулан:

  -  Галт зэвсэгтэй зөв харьцаж сурах

  -  Зэвсгийн аюулгүй ажиллагаа, үйлчилгээ

  -  Мэргэн буудах арга барил, онол

  -  Буу, дурангийн тохиргоо тааруулах зэрэг сургалт, үйлчилгээ явуулна

Та бүхний анхааралд

2/23/2019

АНУ зохион байгуулагдаж байгаа Парабуудлага дэлхийн цомын тэмцээн СМ З.Ганбаатар Олимпийн эрх авлаа.

2/22/2019

АНЭ улсад зохион байгуулагдсан Парабуудлагын дэлхийн цомын тэмцээнээс манай баг тамирчид мөнгөн медалийн эзэд боллоо.

1/29/2019

2019 оны Шилжин явах цомын эхний аварга тодорлоо

1 / 8

Please reload

  • Facebook Social Icon

“АВАРГААС АВАРГА” буудлага спортын клуб  

99100998,  83111010. 99610621

© 2019  by Tugi. Proudly created with Champion Shooting Club

This site was designed with the
.com
website builder. Create your website today.
Start Now